Өнөөдөр ОБЕГ-аас хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байгаа талаар Гал түймэртэй тэмцэх газрын дарга дэд хурандаа Ц.Нямбаяр, БОАЖЯ ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Д.Батсайхан мэдээлэл хийлээ.
Тодруулбал цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байна.
Мөн 2019 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан,Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна.
Харин бусад нутгаар цас багатай ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар гал түймрийн гарч байгаа шалтгаан нь хүний хүчин зүйл санамсаргүй болгоомжгүй байдлаас гарч байгааг анхааруулж байв.
Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон, Булган түймрийн эрсдэл өндөртэй ой сан бүхий аймгуудад үүсч болзошгүй нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах, техник хэрэгслээ яаж хуваарилж ажиллах талаар ажлын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нэмж хэлэхэд БОАЖЯ-наас 800 сая гаруй төгрөг ойн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ажилд зарцуулахаар болсон байна.
БОАЖЯ, ОБЕГ хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх хамгаалах мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
З.НУРЖАН