Эрх баригч намын ҮЗХ-ны хурал олны анхаарлыг татсан хэвээр. Хэлэлцэх асуудал нь "Намын мөрийн хөтөлбөр" боловч, өөр бусад сэдэв рүү халихыг үгүйсгэхгүй байна.
МоАН-ынхан АН-ын даргын асуудлыг ярьсаар ирсэн, түүнийгээ тавьж магад. Алтангадас үүнийг нь нэг хэсэг дэмжсэн. Энэ удаа зохицож байх магадлалтай. Гэхдээ даргаа Шонхорт үлдээгээд, ерөнхий нарийн бичгийн даргаа авъя гэж хэлэхийг үгүйсгэхгүй байна. Алтангадас намдаа алдагдаж буй эрх мэдлээ сэргээх хүслээ нуухгүй байгаа. Шонхор харин ҮЗХ-ныхоо гишүүдийг өөрийн хүмүүсээр нэмэх тактикийг баримталж байна. ҮЗХ-г авбал АН-ыг авлаа гэсэн үг. Тиймээс С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Д.Ганбат, Батдорж, Ж.Батзандан нар маш идэвхтэй ажиллаж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
ҮЗХ-ны хурлаар их зүйлийг хүлээж байвч, юу ч шийдэхгүй байх магадлалтай гэж шинжээчид бас дүгнэж байна. Олон жилийн турш хурлаа хийгээгүй, ҮЗХ-ийн гишүүдийн ротацийг хийгээгүй, шинээр сонгогдсон гишүүдээ ёсчлоогүй зэрэг нь бугшиж хуримтлагдсан асуудал болсон хэвээр. Үүнийгээ нэг шийдчихвэл, дараа дараагийн асуудал нь хөвөрнө гэж хэлэх ч нэгэн байна. Энэ хурлаар нэр дэвшигчдийн асуудал яригдахгүй ч, сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал сөхөгдөнө гэж олон нийт хүлээж байна.
Тоймч Д.ГАНТУЛГА