Бүх нийтийн цэвэрлэгээний яг одоо ид өрнөж байна. Байгууллагууд оногдсон талбайгаа 90 минутын турш цэвэрлэнэ. Иргэд, ААН-үүд ч мөн адил 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Энэ арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулж байна. Сүүлийн үед иргэдээс энэ арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт УБ хотын захиргаанд их ирэх болжээ. Өнгөрсөн жилүүдийн “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ маш их үр дүнтэй байсан.
Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах юм байна.
Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна. Нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж.