АЯЛАГЧДАД АВТОМАШИНЫХ НЬ ЗОГСООЛЫГ ҮЛДЭЭЕ, ХОТЫН ДАРГА АА

2019-05-10  

Улаанбаатарт дөрөө мулталсан хэн бүхэн Сүхбаатарын талбайг зорьдог уламжлал одоо ч хэвээр. Тэр тусмаа хол, ойрын зочдын уулзах цэг, үзэж сонирхох газар нь Чингисийн хөшөө болоод удаж байна. Зуны дэлгэр цагтай зэрэгцэн дуран барьсан жуулчдын цуваа ч ойрноос идэвхжиж эхэлсэн байна лээ. Гэтэл нийслэлчүүдийн шүдний өвчин болсон автомашины зогсоолын асуудал жуулчдад ч бас хүндрэл учруулах нь, Хотын дарга аа.

Аялагчид ихэнхдээ жуулчлалын автобусаар хэсэг, бүлгээрээ ирдэг. Тэд хамгийн түрүүнд төв талбайг зорьж, дэлхийн монгол брэнд Чингисийн хөшөөг сонирхдог нь бичигдээгүй хууль. Гэтэл энэ зунаас эхлээд жуулчдыг тээвэрлэж яваа автобус зогсох газаргүй болно. Үнэндээ талбайн урдах зогсоолоос өөр зай талбай уужим газар ойр хавьд нь үзүүлээд буцаая гэсэн ч байхгүй. Тиймээс нэгэнт тохижуулсан 2.5 га  бүхий автомашины зогсоолын оронд усан оргилуур бариулах, олон нийтийн санал авах ажлаа болиод аялагчдад зогсоолыг нь үлдээе.Үгүй бол баахан жуулчин тээвэрлэсэн том том автобусууд зогсоол хайж талбайг тойрсоор хамаг цаг заваа барах нь. Ингэж бухимдаад буцсан жуулчид дахин Монголыг зорих нь эргэлзээтэй. Одоогийн энэ нөхцөлд бол аялал жуулчлалыг зогсоолоор дэмжвэл илүү бодит юм.

Тэгээд ч төв талбайн урд талын зогсоол дан ганц жуулчдад хамаатай юм биш. Төлбөрөө төлөөд машинаа зогсоох хүсэлтэй иргэн ч олон байна. Тэр дундаа хавар төгсөлтийн баяр, зун, намар нь хуримлагчдын хөлд дарагддаг. Анги, хамт олон, ах дүүгээрээ явж байгаа хүмүүс мөн л автобус унаа хөлөглөөд ирдэг.Гэтэл баярлаж цэнгэх биш зогсоол булаалдаж бухимдсаар байгаад таардаг. Тэгэхгүй бол хуримаа хийж байсан хосуудын машиныг талбайн хажуугаас ачсан эмгэнэлт үйлдэл давтагдах нь ээ.

Төв талбайн зогсоолыг төр нь мэдэлдээ авч төлбөртэй зогсоол ажиллуулах, хувийн компани нь хариуцаад явах эсэх нь хамаагүй.  Ямар ч л байсан жуулчдыг  тухтай аялуулах нөхцөл боломжоор нь хангаж өгөхийн тулд илүүг биш юм гэхэд зогсоолыг нь шийдээд өгчихье. Харин усан оргилуур, амралтын цогцолборын тухайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зай талбай, зохицох газар ч хотод цөөнгүй бий. Төв талбайн зогсоолын зориулалтыг өөрчилчихвөл жуулчдаар зогсохгүй эрдмийн баяр, хурим найр хийгчдийнхээ “унааг” яг хаана зогсоох вэ гэдгээ хэлж өгнө үү, Хотын дарга аа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АВАРГУУДЫН ЛИГТ АЛЬ БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?