ЗӨВ ТУСГАЛ: АЗ ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ

2019-05-30  

Холбоотой Зураг

Өглөө 6 цагт сэрүүлэг дуугарч хүүгийн минь шинэ өдөр эхэллээ. Оройдоо хийгээд амжаагүй хичээлээ өглөө сэрүүлэг тавиад босч хийдэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хүү минь  сэргэлэн цовоо, хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй зөв хүн болон өсөж байна. Даалгавраа хийж дуусаад хувцсаа өмсөөд, цайгаа уучихаад хичээлдээ явна. Хичээлээ тарж ирээд сонгон, давтлага, секц гээд 5 хоног завгүй өнгөрнө. Заваараа бас аавтайгаа англи хэл үзнэ. Гэр бүлээрээ амралтын өдрүүдээр сонирхолтой зүйлсийг хийж өнгөрүүлнэ. Сайхан дурсамж үлдээх нь хүүхдийн амьдралд маш хэрэгтэй гэж үздэг тул гэр бүлийн гишүүн бүр л үүн дээр хувь нэмрээ оруулна. Манайх гэдэг айл аз жаргалтай инээд хөөртэй хором мөчүүдийг дурсамж болгон үлдээн тавуулаа сайхан амьдарч байна.

2007 он.

Өглөө босоод ойр зуурын зүйлээ амжуулаад 7 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирлээ. Ангийн минь хүүхдүүд эхнээсээ ангидаа ирж, өөр өөрийн өнгөөр эгшиглэж эхэллээ. Хичээлийн хонх дуугарч, хичээлдээ орохоор ххүхдүүд минь явцгаалаа. Аймгийн төвийн гэр хорооллын жижигхэн энэ сургуульд би 6 жилийг багшилж өнгөрүүлсэн. Багшилж эхэлсэн 2 дахь жилдээ анги удирдсан багш болсон. Шинэхэн багш хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа их өнгөрүүлнэ. Эцэг эхчүүдтэйгээ уулзана, хүүхдүүдийнхээ сурлага, хичээл номонд нь их анхаарна, уралдаан тэмцээн зохион байгуулна, хамтдаа спортоор хичээллэх гэх мэт олон зүйлийг хамтдаа хийдэг байлаа. Өсвөрийн улаан загалмайн гишүүн анги болж, улаан загалмайн хороотой хамтран ахмад настанд туслах, хоггүй аяныг өрнүүлэх, малчдад туслах зэргээр хүмүүнлэгийн ажлуудад их оролцоно. Хүүхдүүд маань эдгээр ажлуудад дуртай, сонирхолтой, олон ч зүйлийг сурсан, олон дурсамж үлдээн сургуулиа төгсөцгөөсөн.

ТӨРҮҮЛСЭН НЬ БИШ ӨСГӨСӨН НЬ

Даасан ангид минь хойд эцэгтэй хэд хэдэн хүүхдүүд байдаг байлаа. Ийм хүүхдүүдийн сурлага ерөнхийдөө тааруу ч, хүний арга эвийг олох, хүнтэй найзалж нөхөрлөхдөө амархан хүүхдүүд байна. Заримдаа нөгөө хүүхдүүд маань хичээлдээ, давтлагандаа, олон нийтийн ажилд ирэхгүй, хэл чимээгүй алга болно. Маргааш нь яагаад ирээгүйг нь асуухад багшаа нөгөө аав явуулаагүй, гэрийнхээ ажлыг хийгээд, дүүгээ хараад гэх мэт шалтгаан хэлнэ. Нэг өдөр нэг шавь маань ирдэггүй, маргааш нь яагаад ирээгүйг нь асуутал -Багшаа хойд аав явуулаагүй гэхэд бас нэг хойд аавтай хүү -Багшаа та мэдэхгүй л байна, хойд аавтай амьдарна гэдэг чинь маш хэцүү ш дээ...

Хичээлийн дараа нөгөө хүүхдүүдтэйгээ ярилцлаа. Миний хийсэн болгон тэр хүнд таалагдахгүй, хэрвээ би жаахан буруу зүйл хийвэл намайг нүдэнд орсон хог мэт л үзнэ. Ээжийг байхгүйд бүр хэцүү, ээжид энэ талаар хэлвэл хэрүүл болно. Заримдаа өвөө, эмээгийнх рүүгээ явна, заримдаа айлд хононо гэж ярих хүүхдүүдийнхээ харцыг одоо ч би мартдаггүй. Ийм хэцүүхэн орчин нөхцөлд амьдарч,  ийм л орчин нөхцөлд өсөж,  эцэг, эхийнхээ буруугаас ч юм уу, хувь тавилангын эрхээр ч юм уу гэр бүлийн аз жаргал, баяр баясгаланг дутуу, дулимаг эдлэн яваа хүүхдүүддээ би гоё дурсамж үлдээхийн төлөө олон сайхан зүйлийг хамтдаа хийдэг байсан минь хүүхдүүдэд минь их тус дэм болдог байсан болов уу гэж боддог юм. Одоо хүүхдүүд минь нас биенд хүрч, одоо эхнээсээ гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болж сайхан амьдарч байна. Тэд нарын минь аз жаргалтай инээмсэглэсэн өдрүүд олон байгаасай. Өөрийнх мэдэрсэн тэр амьдрал хол байгаасай.

Ийм амьдралыг би мэддэг учраас том хүүгээ дүү нартай нь ижилхэн хайрлаж амьдарч байна. Төрүүлсэн нь биш өсгөсөн нь жинхэнэ эцэг, эх байдаг. Үр хүүхдүүдээ аз жаргалаар дүүрэн, дурсамжаар дүүрэн өсгөж хүмүүжүүлээрэй. Монголын үрс маш олон болтугай гэж ерөөдөг шиг аз жаргалтай хүүхдүүд маш олон болтугай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Баярлалаа үр хүүхдийн минь хүмүүжил томчууд бид бүхнээс л шалтга****... 2019-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?