ЖОЛООЧ НАРЫН УХАМСАР, ХАНДЛАГА, СОЁЛЫГ ӨӨРЧЛӨХ “ЯАРААД ЯАХ ВЭ“ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-06-14  

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд орон нутгийн замд гарч буй ослын талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуя, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг юм. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.

Өнгөрсөн зун  188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.

Осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тээврийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн хяналтыг Монголын Улсын бүх замд тавьдаг. Өнөөдрөөс эхэлж буй, эрчимжүүлсэн хяналт шалгалт 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Arslan.mn

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан "Монгол улсын Засгийн газраас 2019 оны 128 дугаар тогтоол гаргаж, Ерөнхий сайдаар ахлуулсан Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын ерөнхий зөвлөл байгуулсан. Улмаар Засгийн газрын  163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг “Яараад яах вэ” уриан дор зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.

Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна. Зөрчилд  холбогдогчдын 75 хувь нь буруу жолооны хүрдтэй машин, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна" гэв. 

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо бий." гэв.

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллахаар болсон. Ер нь бид хурдан явж ирсэн үү гэж асуухын оронд сайн явж ирсэн үү гэж жолооч нараасаа асуудаг байя. Хурдыг үхэл л отож байдаг юм шүү гэдгийг анхааруулсан тараах материалуудыг ч наах юм.

Мөн бид хар цэгийн судалгаанд үндэслэн түшиглэн эргүүлийн цэгүүдээ тодорхойлдог. Өнгөрсөн жил 16 хар цэгийг алга болгосон. Баян-Өлгий болон 50 орчим цэгт хурдаа сааруулах, энэ хэсэг бол хар цэг шүү гэдгийг анхааруулсан самбар байршуулсан. Түүнчлэн өнгөрсөн жил Баянхонгор, Төв аймагт авто осол хоёр дахин өссөн." гэв.

Arslan.mn

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулна.

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?