МАН 2016 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ одоо болтол эцэслээгүй байна. МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүстэй хамтран ажиллана гэж дуугарлаа.
Манай руу ирээч, МАН-аас дэвшээч гэж олон нийтэд хандаж байна гэж ойлгогдохоор байна, энэ үг. МАХН эвсэхгүйгээ илэрхийлээд одсон. 25 нэр дэвшигчийн орон тоо гарсан. Үүнийгээ дуртай хүсэлтэй нэгнээр биш, намд нь суудал авчрах, ялалтад хүрэхэд нэмэр болох тийм нэгнийг олчих, дэвшүүлчих хүсэл М.Энхболдод байна гэж харж болох.
Бага хуралдаа бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг оруулсан нь ч энэ л тактиктай нь холбоотой. Тиймээс М.Энхболд нам дотроосоо хайхаас гадна, хүрээгээ тэлж сонгогдож болох нэр хүнд бүхий нэр дэвшигчийн эрэлд морджээ. Одоо түүнийг намын дарга гэхээсээ илүү уяач гэж харж болохоор болжээ. Түүнд давхих, цоллуулах хүлэг хэрэгтэй байна.
Э.ЦЭНД