УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ), 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргасан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцангаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан эдгээр гомдлыг авч хэлэлцээд УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч УИХ-ын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн үзлээ.
Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ) 8, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалтыг өнөөдрөөс хүчингүй болгож байна гэсэн дүгнэлтийг Цэц өнөөдөр гаргалаа.
Энэхүү эргэлзээтэй, маргаан дэгдээх шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ шийднэ. Хэрэв хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаан зарлах юм. Энэхүү хуралдаанаас гарах шийдвэрийг эцсийнх гэж тооцож болох юм.
Х. АЯЛГУУ