УСТАЖ ҮГҮЙ БОЛСОН ГЭГДДЭГ ТАСМАНЫН БАР АМЬД БАЙЖ МАГАДГҮЙ

2019-11-18  

Австралийн нэг муж болох Тасмани аралд амьдардаг байсан нэгэн өвөрмөц араатныг 1936 онд бүр мөсөн устаж алга болсон гэлцдэг.

Амьтны хүрээлэнд байсан хамгийн сүүлчийн Тасманийн бар 1936 оны есдүгээр сарын 7-нд үхсэн юм.

Тэгвэл орон нутгийн захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэд найман удаа энэ амьтны мөрийг харсан тухайгаа мэдээлснийг саяхан зарлажээ.

Хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Тасманийн бар амьд байгаа тухай мэдээ ирсэн байна.

Нурууныхаа хэсэгт судалтай энэ араатан нь чоно, үнэг, том муурны дундаас  төрсөн мэт өвөрмөц амьтан юм. Имж, вомбат зэрэг уутат амьтад болон хонь, тахиа зэрэг гэрийн тэжээвэр амьтдаар хооллодог байсан энэ амьтныг 19 дүгээр зуунд Тасмани аралд ирж суурьшсан Британичууд агнаж устгасан байна.

Нэг метр хүртэл урт биетэй, 50 см орчим урт сүүлтэй энэ амьтны жин 30 кг хүрдэг байжээ.

3,000 орчим жилийн өмнөөс Австралийн эх газарт үзэгдэхгүй болсон гэгддэг энэ араатан Британичуудыг суурьших үед Тасмани аралд 5,000 орчим тоотой үлдсэн байсан гэдэг.

Гэвч фермийн аж ахуйд ихээхэн хохирол учруулж байсан тул 1888-аас 1909 оны хооронд орон нутгийн захиргаа Тасманийн барыг устгахад урамшуулал олгож байснаас их хэмжээгээр устаж үгүй болжээ.

Хамгийн сүүлд 1930 оны тавдугаар сард Уилф Бэтти гэдэг нэртэй фермер тахианы байранд нь халдсан сүүлчийн зэрлэг Тасманийн барыг буудан устгасан гэнэ.

Ингээд тус арлын амьтны хүрээлэнд байсан сүүлчийн араатан 1936 оны ес дүгээр сард үхсэн байна. Харамсалтай нь арлын захиргаа үүнээс хоёрхон сарын өмнө Тасманийн барыг агнахыг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

Энэ явдлаас олон жилийн дараа буюу 1986 онд Австралийн засгийн газар уг амьтныг устаж алга болсныг албан ёсоор зарласан байна.

1999 онд хэсэг эрдэмтэд Тасманийн барыг генетикийн хувилах аргаар дахин төрүүлэх ажил эхлүүлсэн ч үр дүнд хүрэлгүй 2005 онд зогссон юм.

Гэхдээ эрдэмтэд энэ санаагаа орхилгүй устсан араатныг дахин амьдруулах боломжийг судалсаар байгаа гэнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?