Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулж байсан. Тэгвэл хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдрүүдэд орон даяар зэрэг явуулахаар болжээ. Тооллогыг 10 жил тутам явуулдаг. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох зорилготой юм. Тооллогын улсын комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн турш явагдахаар болжээ.
Э.Сувд-Эрдэнэ