Хамгийн харгис хэрцгий зан үйлтэй хинди шашний олон амьтдыг нэгэн дор нядалж өргөл барьц болгодог баяр өнөөдөр Балбад эхэллээ. Энэхүү баяр нь таван жил тутамд нэг удаа Энэтхэг Балбын хилийн ойролцоо оршдог Баряарпур тосгонд болдог бөгөөд амьтнаар өргөл барьц өргөвөл тухайн хүний хүсэл биелдэг гэх сүсэгт итгэсэн олон мянган хүн энэ баярт оролцдог байна.Хамгийн сүүлд 2014 онд хоёр өдөр үргэлжилсэн Гадхимай бурханд зориулсан баярын үеэр ямаа, тахиа, үхэр, харх зэрэг нийт 200,000 амьтныг нядалж байжээ.
Тус улсын дээд шүүх энэхүү хэрцгий баярыг хориглох шийдвэрийг 2015 гаргасан ч ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн тэмдэглэж байна. Шат шатны албан тушаалтнууд нь өөрсдөө сүсэг бишрэлдээ баригдсан байдаг нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх гол шалтгаан болдог аж. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид ч үүнийг хатуу шүүмжлэн зогсоохыг шаарддаг юм байна. Сонирхуулбал олон зууны өмнө Баряарпур тосгоны ойролцоо шоронд хоригдож байсан хүний зүүдэнд Хинду шашны Гадхимай дарь эх ирээд өөрт нь зориулж сүм барьж өгөхийг хүссэн гэх домог бий. Хоригдлыг сэрэхэд гав дөнгө нь тайлагдсан байсан бөгөөд тэрээр шоронгоос оргосныхоо дараа Гадхимайд зориулан сүм барьж, талархсан сэтгэлээ илэрхийлж анх удаа амьтнаар тахил өргөсөн гэдэг.
Т.Хуншагай