Д.ХАЯНХЯРВАА: СОНГУУЛИЙГ ХУДАЛДАЖ АВДАГ ТОГТОЛЦООГ ХААСАН ХУУЛЬ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЮУ?
Сонгуулийн тухай хуулийн тѳсѳлд том тойргоор 26 хүний жагсаалт гаргана гэсэн заалт байна. Хувь хүн энэ жагсаалтад орно гэвэл яаж зохицуулах вэ? Та заавал намаас өрсөлд гэж шахах уу? Бие даагч хүн улсын хэмжээнд өрсөлдөнө гэдэг асуудалд хэрхэн хандах вэ? Сонгуулийн хандивын заалтууд шинэчлэгдээгүй, хэвээр үлджээ. Дээр нь, биет хөрөнгийг ашиглуулж болно гэсэн заалтыг нэмсэн харагдана . Хандив, намын санхүүжилтанд хэрхэн хандах, цэгцлэх вэ? гэдэгт бодлоо уралдуулмаар байна. Үүнийг цэгцлээгүйгээс үүдэж, өнгөрсөн сонгууль шиг зүйл болох вий гэж би хувьдаа болгоомжилж байна. Сонгуулийн хандив босгох гэж схем зурж ярьсан журмын хоёр нөхрѳѳ хилсээр шоронд хорьсон. 1500 гаруй төрийн албан хаагчдаас мэдүүлэг авч мөнгөөр ажилд орсон гэдэг нь нотлогдоогүй. Уул нь дээрхи үндэслэлээр яллах гэж байгаад огт өөр зүйл ангиар Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг дөрвөн жилээр яллачихсан. Сонгуулийн хуулиа боловсронгуй болгохгүй бол цаашдаа нам, олон нийтийн төлөө зүтгэж явсан хүмүүсийг ийм маягаар шорон гянданд хорьдог явдал тасрахгүй гэж санаа зовж байна. Ер нь сонгуулийг худалдаж авдаг тогтолцоог өөрчлөх заалт оруулж болохгүй юу? Жишээлэхэд, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүнд төлбөргүй хандив, үйлчилгээ үзүүлж болохгүй гэх заалт оруулах нь зѳв. Тэгсэн цагт УИХ-ын гишүүн элдэв долоон зүйл нэхүүлээд байхгүй, яг хуулийнхаа хүрээнд ажлаа хийх боломж бүрдэнэ.
Л. ЭНХ-АМГАЛАН: БИЕ ДААГЧ УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМ 26-Д НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ
Улс нэг тойрог гэсэн тогтолцоонд нам болон эвслүүд л нэр дэвшүүлэх эрхтэй. Бие даагчид жижиг 50 тойрогт нэр дэвшинэ, хуулиараа. Өмнөх сонгуулийн үеэр ч бие даагч нарын асуудал том тойрог дээр хаалттай байсан. Мэдээж бидний санал болгож байгаа хувилбар хамгийн төгс биш. Сонгуулийн тогтолцоо болгон сул талтай байдаг.
О.Гоо-Оюун