“Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биеннальд Монгол Улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцлоо. Уг биенналь нь долоон сарын турш үргэлжилсэн бөгөөд уг биенналийг 80 мянга орчим хүн үзэж, олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаажээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсын зураач Э.Жанцанхорол эх орноо төлөөлөн оролцсон байна. Түүнчлэн “Агшин Зуур” үзэсгэлэн нь тодорхой орон зай, мөчлөг дэх түр зуурын мэдрэмж, түүнээс үүдэн гарах үйлдэл, хувьсал өөрчлөлтийн талаар өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн танхимд ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан ба тэдгээр нь Венецийн хуучны барилгын тоосгон хана, модон тааз, чулуун шалнаас урган гарч ирэх харь гарагийн биетүүд шиг хэрнээ ер бусын байгаллаг шинжийг агуулснаараа онцлог байжээ.
Т.Хуншагай