Шинэ жилийн баярын уур амьсгал энд тэндгүй орж, албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхэлсэн үед охид эмэгтэйчүүдийн хувьд мөнгөтэй, мөнгөгүй ч гоёх гэж эрвийх дэрвийхээрээ л хичээдэг. Ээмэг бөгжнөөс эхлээд даашинз, гоёлын будалт, үс засалт гээд нэг эмэгтэй дунджаар жилд 400 мянган төгрөг зарцуулдаг байна. Бага цалинтай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд байгууллагынхаа шинэ жилд орно гэдэг бас л хямрал болж хувирах нь бий. Харин хэвшмэл ойлголтыг халан 750 гаруй ажилтантай П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг байгууллагынхаа дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдэж, зардлаас хэмнэсэн мөнгөө бүх ажилчдынхаа дансанд тэнцүү хуваан шилжүүлсэн байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир: Бид шинэ жилийн баяр огт тэмдэглэхгүй биш. Ажлынхаа байранд баярын хурлаа хийж, шилдэг ажилтнуудаа шалгаруулж, бэлэг гардуулна. Харин үнэтэй газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй. Өөрөөр хэлбэл, баар цэнгээний болон үйлчилгээний газарт ажилчид шинэ жилийн арга хэмжээнд оролцохын тулд хамгийн багадаа 50-100 мянган төгрөг цалингаасаа хураалгадаг байсан. Тийм ч учраас бусдад хөрөнгө оруулалт хийх мөнгөө ажилчдадаа зориулж өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Энэ дагуу ажилтан бүрийн дансанд 300 мянган төгрөг орж байна. Энэ мөнгөө баар цэнгээний газарт биш, гэр бүл үр хүүхэд, өөрсдөдөө зарцуулах нь илүү дээр гэж бодож байна. Засгийн газрын тогтоолын дагуу улирал тутамд үр дүнгийн урамшуулал олгодог. Дээр нь улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгөөс давсан ашгаа эргүүлэн авч, хамт олонтойгоо хуваан авдаг тогтоол шийдвэр байгаа. Энэ дагуу нийт 400 гаруй сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг ажилчдадаа хуваарилсан. П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хувьд жил бүр 5-10 тэрбум улсын төсөвт төвлөрүүлдэг.билээ. Манай эмнэлгийн хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүйгээр цалингийн урамшуулал олгох шийдвэрийг дэмжсэн учраас цаашид ийм жишиг тогтооно. Жил бүрийн шинэ жилийн баярыг бусдад хөрөнгө оруулалт хийх бус, өөрсдөдөө л зарцуулах уриалга гаргаж байна хэмээсэн байна.
Гоо-Оюун