Мэддэг ч байж болно, тэд. Гэхдээ мэдсээр байж хийж байгаа нь бүр осолтой. Олон улсын жишигт, хориглосон хоёр гол заалт бий, сонгуулийн хуулинд.
Нэгдүгээрт, сонгууль эхлэхээс 6 сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт хийхгүй. Хоёрдугаарх нь, парламент болон парламентийн гишүүд нь өөрсдийн оролцох сонгуулийн хуулийг баталж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ парламентийн баталсан сонгуулийн хуулийг 2016 онд хэрэглэхгүй, харин 2020 оноос хэрэглэнэ гэсэн ойлголт. Энэ бол хориг тавьсан маш чухал заалт. Тоглоомын дүрэм маш эртнээс тодорхой болно, нөгөө талаас сонирхлын зөрчлийг хааж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгууль шударга явах суурийг тавьж байна гэж ойлгож болно. Парламент ингэж ажилладаг.
Харин манайд энэ зарчим алдагдсан. Тиймээс ч өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолд нийцсэн хууль баталсан тухай шүүмжлэл тасрахгүй байгаа, өнөөг хүртэл. Сонгуулийн хууль биш, эрх баригчдыг сонгох хууль гэж олон нийт нэрлээд амжсан. Мэдээж, нэгэнт Парламент үйл ажиллагаа явуулж, сонгогдсон гишүүд нь байгаа хойно хууль батлах нь тодорхой. Парламентийн үндсэн үүрэг нь ч хууль батлах. Гэхдээ дэлхий нийтэд Сонгуулийн хууль дээр онцгой анхаардагийг бид ч гэсэн тусгаж авах л хэрэгтэй. Олон улсад мөрдөж буй шударга заалтуудыг парламент мөрддөг болох нь, парламентын хөгжилд ч, нийгмийн хөгжилд дэвшил болох юм.
Тоймч Д.ЭНХТҮВШИН