2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1 их наяд 545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан өссөн байна. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тоо төдийлэн их биш байгаа юм. Иймээс нийт татвар төлөгчийн буцаан олголтыг хувийг нэмэх, далд эдийн засгийг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.
О.Гоо-Оюун