Монголчууд хуулиндаа хэзээ ч анхаарч ирээгүй. Энэ бол сул тал. Гэтэл ямар олон хууль ар араасаа цувран гарч байна вэ? Хууль гарсны дараа л хашгирцгаадаг. Тэр нь, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил болдог. Ийм л үйл явц сонгуулийн хуулинд давхацсан. Олон зүйлийг боосон, хаасан хууль гарсан. Бүх боломж туссан уу? гэвэл туссан. Яаж туссан бэ? гэвэл асуудалтай. Энэ бол сонгууль уу? сонголт уу? гэж асуувал эргэлзээ төрнө.
Холимог систем, тэр дотроо хувь дүйцүүлэх тогтолцоо маш чухал. Сонгогчдын өгсөн санал талаар болдоггүй давуу талтай. Саналын хувьд дүйцүүлж суудал хуваарилдаг. Гэхдээ жижиг намын босгыг өндөрсгөсөн. Дээр нь нийт сонгогчдын 50%-ийн ч санал авсан байсан, аль нэг тойрог дээр дэвшсэн нэр дэвшигч ялалт байгуулж чадаагүй бол, нэг ч суудал хуваарилахгүй гэсэн хатуу заалтыг оруулсан. Энэ нь иргэдийн санал талаар болно гэсэн үг. Хувь дүйцүүлэх тогтолцооны давуу талыг ч үгүй хийсэн заалт. Иймээс энэ сонгуулийн хуульд, өөрчлөх зүйл их байна. Хэвлэл сурталчилгааны хувьд, маш их хаалттай олон заалт орсон. Энэ нь иргэдийн мэдээлэл авах эрхийг нь ч боогдуулсан гэх үндэслэлтэй. Ийм нэг шударга бус хууль ЦЭЦ-д хүрэх нь зөв гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна.
Ц.ДОРЖГОТОВ