МАН, АН өөрсдөдөө илэрхий давуу эрхтэйгээр сонгуулийн хуулийг шударга бусаар батлан, төрийн эрх мэдлийг авахыг санаархаж байна. Гадаадад амьдарч байгаа 200 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсон. Жендерийн тэгш бус байдлыг хангасан заалт сонгуулийн хуульд орсон хэмээн МАХН ын зүгээс мэдэгдлээ. Түүнчлэн “Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихыг хүсэж байна. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчхоод байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр төрийн тэргүүн ч үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Бид Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэдгээ илэрхийллээ. Мөн тус намаас “Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгана уу” хэмээсэн шаардлага гаргасан байна.
Т.Хуншагай