Сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч баасан гарагт эцэслэн баталсан билээ. Уг хуулийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхийг хязгаарласнаас гадна гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй хэмээх заалтыг МАН –ын бүлэг эсэргүүцэн сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүссэн. Уг хүсэлтийн хүрээнд "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.
Т.Хуншагай