МУ-ын засгын газар 2019 онд “Өрийн дарамтыг бууруулах” зорилтын хүрээнд арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан байна. Түүнчлэн Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын 29 тусгай санд хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Хуулийн шинэчилсэн найруулгаар нийт 7 санг татан буулгаж, 2 санг нэгтгэн зохион байгуулж, нэг санг шинээр нэмээд байна. Засгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлж, тэдгээрийг арилгах акт, албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллаад байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 8 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55 хувь болж 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хүрээд байгаа бөгөөд өрийн дарамт цаашид тасралтгүй буурч 2022 онд ДНБ-ий 40 хувьд хүрэх зорилт тавиад байна хэмээн сангын яамнаас мэдэгдлээ.
Т.Хуншагай