Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа. Хуулийн төсөл энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх юм. Уг хуулийн төсөлд 229.4 мянган ахмадын 763.3 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх, харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.
Т.Хуншагай