МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг УИХ-д суудалтай намуудын удирдлага оролцож, “МАНАН-ын захиалга ба Сонгуулийн хууль” сэдвийг авч хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаас намууд : Үндсэн хуулийн Цэц 2012 онд сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн эцсийн шийдвэр гаргаж байсан атлаа одоо Үндсэн хууль зөрчсөн мэтээр шийдвэрлэж, ингэснээр нэг асуудлаар эсрэг тэсрэг хоёр өөр шийдвэр гаргасан нь илэрхий хуйвалдааны шинж чанартай, төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн улс төрийн гэмт үйлдэл мөн гэж үзэж байна.
Үндсэн хуулийн Цэцийн улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр нь МАНАН-ын нам дамнасан улс төр бизнесийн олигарх бүлэглэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар наанаа хуулийн хэлбэрийг баримталсан дүр эсгэж байгаа ч үнэн хэрэгтээ цаагуураа ард түмний саналын талаас илүүг нь хүчингүй болгож, иргэн бүрийн саналыг үнэлэн хүндэтгэдэг жинхэнэ ардчиллын мөн чанарыг нухчин дарж, дүр эсгэсэн ардчиллыг өөгшүүлж, төрд өөрсдийн хугацаагүй ноёрхлыг тогтоох гэсэн далд санаархал агуулж байгаа балмад ажиллагаа мөн хэмээн дүгнэж байна гэх зэрэг нийт 7 заалт бүхий мэдэгдлийг гаргажээ.
Х. АЯЛГУУ