Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Хатан хааны ордонд амьдрахаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа зарлажээ. Уг шийдвэрээ олон сарын турш ярилцаж зөвлөлдсөний эцэст гаргасан байна. Түүнчлэн ханхүү Харригийн гэр бүл “Бид Хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байхаас сайн дураараа татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ”. Гэхдээ бид Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно хэмээн мэдэгдсэн байна. Хосууд Умард Америкт амьдрахаар шийдсэн бөгөөд ордны хатуу нарийн дэг жаягт баригдан амьдрах нь тэдэнд таалагдахгүй байгааг удаа дараа мэдэгдэж байсан. Тухайлбал Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургадугаарт бичигдэж байгаа ханхүү Харри 2018 оны тавдугаар сард Америкийн жүжигчин бүсгүй Меган Марклтай гэрлэж, тэд жилийн дараа хүү Арчигаа өлгийдөн авсан билээ. Шинэхэн ээж Меганы хувьд үргэлж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараан дор амьдрах дарамттай байгаа тухайгаа ч илэрхийлсэн юм. Ханхүү Харри ч гэр бүлээ хамгаалах үүрэгтэй гэдгээ сануулаад, өөрийн ээж Диана гүнжид тохиолдсон шиг золгүй зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж байсан.
Ж.Сүх
Эх сурвалж: BBC