Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах Ерөнхийлөгч Дональд Трампын эрх мэдлийг хязгаарлах талаар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт санал хураажээ. Холбогдох тогтоолын төслийг Төлөөлөгчдийн танхимын 224 гишүүн дэмжсэн бол 194 нь эсэргүүцсэн байна. Уг баримт бичгийг Бүгд Найрамдах намаас сонгогдсон гурван гишүүн дэмжсэн бол Ардчилсан намын найман гишүүн эсэргүүцжээ. Энэхүү тогтоолыг хэрэв Сенатын танхим баталбал гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Гэвч уг баримт бичиг Сенатын танхимаар батлагдах магадлал тун бага. Учир нь тус танхимд Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудал эзэлдэг билээ. Америкийн цэргүүд өмнө нь Ираны генерал Касем Сулейманиг хороох ажиллагаа явуулсан юм. Үүний хариуд Иран улс АНУ-ын цэргүүдийн байрлаж буй Иракийн баазуудад пуужингийн цохилт өгсөн билээ. Цэргийн хүчин чадлаа АНУ Ираны эсрэг ашиглахыг хүсэхгүй байгаа бөгөөд үүний оронд Техранд шинээр хориг арга хэмжээ авна гэж Трамп пуужингийн цохилттой холбогдуулан мэдэгдсэн. Түүнчлэн Сулейманийг хороох ажиллагааг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа гүйцэтгэх засаглалд олгосон эрхийн дагуу явуулсан гэж Трамп тайлбарласан байна.
Ж.Сүх