Оман улсыг 1970 оноос хойш захирсан Кабус бен Саид аль Саид Саид удаан өвдсөний эцэст баасан гарагт 79 насандаа таалал төгслөө. Улмаар тус улс 3 өдрийн гашуудал зарлан, төрийн далбааг 40 хоног бөхийлгөнө. Оманы султан 2015 оноос хойш хорт хавдараар өвдсөн бөгөөд Бельгийн эмнэлгээс эх орондоо ирснийхээ дараа эмчилгээгээ үргэлжлүүлж байна гэж Оманы төрийн тэргүүний тамгын газар 12 дугаар сарын сүүлчээр мэдээлж байжээ. Кабус 1970 онд Британийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр цус урсгалгүй төрийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарчээ. Төрийн эргэлтийн үр дүнд аав нь хаан суудлаас огцорсон байна. Тэрбээр 1976 онд үеэл Сайд Навваль бинт Тариктай гэрлэсэн боловч гурван жилийн дараа гэр бүлээ цуцлуулжээ. Кабус дахин гэрлээгүй бөгөөд хүүхэдгүй байна. Арабын бусад хаант улсын удирдагчдаас ялгаатай нь Кабус залгамжлагчаа олон нийтэд зарлаагүй учраас дараагийн султанаар хэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ажээ. Оманы Үндсэн хуульд заасны дагуу эрх баригч гэр бүл “хаан суудал чөлөөлөгдсөний дараа” гурван өдрийн дотор залгамжлагчийг сонгох ёстой байна. Хэрэв энэ хугацаанд хааны гэр бүл санал нэгдэж чадахгүй бол хүчний байгууллагуудын өндөр албан тушаалтнууд, Дээд шүүхийн дарга, Оманы Зөвлөлийн /хоёр танхимтай парламент/ тэргүүнээс бүрдэх зөвлөлийн оролцоотойгоор Кабус ирээдүйн захирагчийн нэрийг бичсэн байх ёстой захидал бүхий битүүмжилсэн дугтуйг нээх аж.
Ж.Сүх