Номтойбаяр эерэг дүр төрхгүй нэгэн. Гахай, баавгай алсан, хүн дайрсан, хүчирхийлэгч бусдыг зодсон зэрэг удаа дараагийн мэдээ мэдээлэл нь Номтойбаярт зэрлэг, балмад, танхай гэсэн дүр төрхийг бий болгосон. Тэгвэл энэхүү зэрлэг, балмад, МАН-ын " бяртай, бүлтэй, омогтой, хөрөнгө чинээгээрээ толгой цохигч" Номтойбаярыг " номхотгох " ажиллагаа зохион байгуулалттай өрнөж байна уу гэж бодогдлоо. Энэ үйл ажиллагаа Номтойбаярыг Г.Батхүүгийн үхэлд буруутгаснаар 8 сарын өмнөөс эрчимжсэн. Төрийн ордонд , Г.Батхүү хоёр давхраас нэг давхар луу унаж нас барсан, түүнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь Номтойбаяр болох нь тогтоогдсон. Шүүх, хуулийн байгууллага Г.Батхүүгийн үхэлд хэн буруутайг одоо болтол тогтоож чадалгүй найман сар өнгөрсөн. Тиймээс ч тэсвэр алдсан талийгчийн гэр бүл, үр хүүхэд, тэр дундаа 24 настай том охин Цэлмэг нь " Аавынхаа амийг нэхнэ" гэдгээ Хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ. Ямар ч гэсэн Г.Батхүүгийн үхэлтэй Номтойбаяр гишүүн анхнаасаа нэр холбогдсон учир Номтойбаярын асуудал давхар сөхөгдөж байна гэж ойлгож болох. Өнгөрсөн найман сарын дотор Прокуророос УИХ-ын гишүүн Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д гаргасан ч бүтэлтэй хариу авч чадаагүй. Мөн энэ найман сарын дотор Номтойбаярын гэр бүлийн мэдэлд шилжсэн Цагаан суваргын ордыг төрд буцаан авах ажиллагаа эхэлсэн. Үүнээс болж ерөнхий сайд Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Номтойбаярын хоорондын харьцаа дээд цэгтээ хүртэл хурцадсан. 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гишүүдийн тоонд багтсанаа ч Номтойбаяр мэдэрсэн тул УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд буй. Хэд хоногийн турш Номтойбаяр болон Хурцын хүүгийн зодоон гэгчийн бичлэгийг сошиалаар цацсан нь мөн л санаандгүй үйлдэл биш гэж бодогдоно. Төгсгөлд нь, Г.Батхүүгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийсэн нь цаг хугацааны давхцал таарав уу, ямар ч гэсэн Номтойбаярын эсрэг асаасан түүдэг дээр тос асгах мэт улам дүрэлзүүллээ.
Э.Сувдаа