Х.БАДЕЛХАН: МАНАЙ УЛСАД 42 ЖИЛИЙН ДАРАА АЭРО СИТИ, МАЙДАР ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

2020-02-14  

Х.Баделхан: Манай улсад 42 жилийн дараа Аэро сити, Майдар хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг УИХ-д өргөн барилаа “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Аэро сити, Майдар хотын төслийн талаар ярилцлаа. - Саяхан УИХ-ын даргад Майдар хотыг бүтээн байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү. - Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л хичээн ажиллаж байгаа. Социализмаас ардчилсан нийгэмд, нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд, төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд гээд л. Үүнтэй зэрэгцээд бидний амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж, хүн амын тоо ихэсч, хотод амьдрах иргэдийн тоо ихэссэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил хот сууринг шинээр бий болгож байгаагүй юм байна. Нэгэнт энэ цагийн иргэдийн эрэлт, шаардлагад нийцсэн орчин цагийн хотыг барьж байгуулах нийгмийн шаардлага, хэрэгцээ үүсээд удаж байгаа болохоор нэн тэргүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд томоохон алхам болох үүднээс дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Цаашдаа алслагдсан хөдөө орон нутгуудаа хөгжүүлэх бодлогыг ч бид хажуугаар нь боловсруулаад явж байгаа. - Яагаад заавал энэ Аэро сити, Майдар хотуудыг гэж? Иргэд маань бас хараахан бүрэн ойлголттой биш байх шиг байна. - Нийслэл Улаанбаатар хот маань маш олон асуудлуудтай тулгарч, ард иргэдийн хувьд төрөл бүрийн хүндрэл чирэгдлийг олон жил нуруундаа үүрч ирлээ. Бид өнөөг хүртэл зөвхөн нүдэнд үзэгдэх агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлтэйгээ л тэмцсээр ирсэн. Гэтэл үүний цаана урт хугацаанд үүсэх өшөө олон нүдэнд үл үзэгдэх асуудлуудтай бид тулгарна. Энэ бүхний цорын ганц гарц шийдэл бол дагуул хотууд болон хөдөө орон нутгаа хөгжүүлж хүн амын нутагшил суурьшлыг тэнцвэрт байдалд оруулах арга зам юм. “Ром нэг шөнийн дотор баригдаагүй” гэдэг шиг бүхэл бүтэн хотыг өнөөдөр шийдээд барьчихдаггүй тул эдгээр дагуул хотуудын талаар олон жил ярьж, судалж ирсэн хэдий ч яг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин дутмаг явж ирсэн тал байна. Ингээд манай яам өнгөрсөн 1 жилийн хугацаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Аэро сити болон Майдар хотуудын төлөвлөгөө, судалгааны ажлуудыг нягтлан үзсэний үүдэн дээр хот байгуулах шийдвэрийг гаргуулах тал дээр гардан ажилласан. Хотуудын тухайд гэвэл шинээр баригдсан Хөшгийн хөндийн олон улсын онгоцны буудал, төмөр зам, хурдны зам болон Улаанбаатар хоттой ойрхон тул байршлын давуу талтай. Энэ нь ирээдүйд оршин суух иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулахад нь логистикийн асуудлаа шийдэхэд дөхөм мөн эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах гол хүчин зүйл болж байгаа. Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн хэдэн айлын орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь иргэдийн амьжиргаа, орлогыг бүрдүүлэх тал дээр эхлээд анхаарах ёстой. Дараагийн нэг хүчин зүйл бол боловсрол, соёлын байгууламж мөн эмнэлэг, түргэн тусламж гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлууд байдаг. Эдгээрийг бүрэн дүүрэн шийдсэн цагт хэн ч гэсэн эрүүл орчинд амьдрахыг хүсэх болно. Мөн Улаанбаатар хотоос 50 км зайтай тул бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх боловсон хүчин, хүний нөөцийн асуудлууд бага тулгарна. Үүнтэй зэрэгцээд ажлын байрууд тэнд бий болохын хирээр Улаанбаатар хотын ачаалал хөнгөрөх нийгэм эдийн засгийн давуу талууд байгаа. Улаанбаатар хотын хүн ам цаг тутамд 6 хүнээр нэмэгдэж, төдий чинээгээр асуудлууд хүндрэх болно. Ирэх 10 жилийн төлөвлөгөөний дагуу бол 100.000 гаруй хүнийг л шинэ дагуул хотууд маань шингээж авч чадна гэсэн үг. Тэгэхлээр бидэнд шинээр дагуул хотуудаа барихаас гадна хөдөө орон нутгаа хөгжүүлэх шаардлага байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр хотод ойр тул Улаанбаатар хотын иргэд шилжиж суурьшихад илүү чирэгдэл багатай байх болно гэж үзсэн. Яг одоо үүсээд байгаа энэ корона вирусын халдвартай холбож тайлбарлахад ч гэсэн бидэнд иймэрхүү халдварт өвчин болон байгалийн гамшгийн үе цаашид тохиолдохыг үгүйсгэх зүйлгүй. Тйимээс бид энэ бүхэнд бэлтгэлтэй байж, мөн Улаанбаатар хотын хүн амын тоог цаашид сааруулж, илүү нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ юм. - Майдар хотыг эко хот болно гэж ярьдаг. Энэ нь бусад хотоос ямар ялгаатай юм бол? - Майдар хотыг сүүлийн найман жилийн хугацаанд Европын нэр хүнд бүхий хот төлөвлөгч, архитектор, менежментийн баг Монголын талын төлөвлөлтийн багтай хамтран тус хотыг байгуулах суурь судалгаа, дэд бүтцийн төлөвлөлт болон менежментийн хийж ирсэн байсан. Энэ хот нь орчин цагийн хот төлөвлөлтийн аргачлалын дагуу олон бие даасан дүүргүүдээс бүтэхээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл дүүрэг бүр нь бие даасан “хот” шиг байхаар төлөвлөгдсөн тул оршин суугчид нь өөрийн амьдарч буй дүүргээсээ шаардлагатай өдөр тутмын үйлчилгээгээ ойрхноос ав. 

үйлчилгээгээ ойрхноос авах боломжтойгоос гадна ажлын байрныхаа ойр оршин суух боломжтойгоор төлөвлөгдсөн. Ингэснээр хот доторх өдөр тутмын замын хөдөлгөөн их үүсэхгүй тул энэ нь оршин суугчдын цагийг хэмнэх, мөн шатахуун түлш бага зарцуулж, эргээд байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засгийн давуу талуудыг бүрдүүлэх юм. Явганаар эсвэл нийтийн тээврээр зорчиж өдөр тутмын ажлаа гүйцэлдүүлэх боломжтойгоо төлөвлөгдсөн тул энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлэх байх. Мөн байшин барилгуудын эрчим хүч, ус болон дулааны хэрэглээг хамгийн бага байлгахаар төлөвлөсөн тул сар тутмын байрны урсгал зардлуудыг хэмнэх боломжтой. Урсгал зардал бага байх тул жижиг дунд үйлдвэрүүд, мөн бага дунд орлоготой айл өрх болон нийгмийн бүхий л давхаргын хүмүүс амьдрах боломж бүрдэнэ. Манай орны эрс тэс уур амьсгалын онцлогт тохируулан хотын агаар сэлгэлт, салхины урсгалыг нарийн тооцоолон байшин барилгын өндөр хоорондын зайг төлөвлөсөн. Мөн уламжлалт ахуйгаа хадгалж авч үлдэх, Монголын хот гэсэн дүр төрхийг тодотгох үүднээс хотын захын хэсгээр хөдөө аж ахуй газар тариалангийн бүсийг төлөвлөж, эдгээр газарт оршин суугчид морь унах, цагаан идээ боловсруулах болон хүнсний ногоо тарих боломжтой. Энэхүү хотын төлөвлөлтийг ХБНГУ-ын Барилгын тогтвортой хөгжлийн нийгэмлэгээс (DGNB) тогтвортой хот байгуулалтын жишиг болох төсөл хэмээж хамгийн дээд платин гэрчилгээгээр шагнасан байдаг. Хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, шинжлэх ухаан, барилгын материал үйлдвэрлэл дээр түшиглэсэн технологийн томоохон төв хот болж хөгжихөөр тусгагдсан. Тухайлбал Майдар хотод кино үйлдвэр, их дээд сургуулиуд, “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, хотын захиргаа, төрийн захиргааны байгууллагууд, олон төрлийн музей, үзэсгэлэн, хурал чуулганы томоохон цогцолборууд байгуулагдана. Өнөөг хүртэл дэлхийн бүх хотууд орчны бохирдлыг ихээр бий болгож байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс байгальд ээлтэй амьдралаар амьдарч ирсэн Монголчууд бид орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн шинэ хот байгуулахдаа өөрсдийн уламжлалын дагуу аль болох байгаль орчинд сөрөг нөлөө багатай амьдрах хотыг байгуулахаар зорьж байна.

 

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Цагаан сараар цахимаар золгохыг та дэмжиж байна уу?