УЛААНГОМ ХОТОД БҮХЭЛД НЬ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

2020-03-10  

Увс аймгийн төв Улаангом хотод бүрэн хөл хорио тогтоолоо. Коронавирусын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр /2020.03.10/ Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарласан. Мөн Английн иргэнээс гадна түүнтэй ойр байсан тогооч, орчуулагч, жолооч нарыг нь тусгаарлажээ.

Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, шийдвэр гаргасан байна. Англи улсын 67 настай иргэн нь гуравдугаар сарын 5-ны өдөр "Аэро Монголиа"-гийн онгоцоор Улаанбаатар хотоос Увс аймагт очсон байна. Ингэхдээ тухайн нислэгийн онгоц нь Баян-Өлгийд 26 хүнийг буулгаж, Увс аймагт 24 хүнтэй очжээ.

Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэнтэй хамт зорчиж, Баян-Өлгий, Увс аймагт очсон дээрх иргэдтэй холбоо барих, тусгаарлах ажил хийгдэж байгаа талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн. Дээрх иргэн нь Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн бөгөөд одоо эдгээр газруудын үйл ажиллагааг хаажээ.

Мөн тэрбээр Улаангом хотод нэг хоноод, Бөхмөрөн сумын Хар Алтат багийн нутаг Ямаат гэдэг газар байгалийн зураг авч, дөрөв хоносон байна. Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаангом хотод бүхэлд нь хөл хорио тогтоосон байна. Мөн холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. 

Аймгийн онцгой комиссоос "Иргэд гурилын бөөний төвүүдээс их хэмжээний худалдан авалт хийж зохиомол хомсдол үүсгэх эрсдэлтэй байгаа тул аймгийн онцгой комиссоос уриалга гаргалаа. Аймгийн нийт иргэдийн 3 сарын хэрэглээг хангах гурилын нөөц аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд байна. Зохиомол хомсдол үүсэхээс зайлсхийж их хэмжээгээр худалдахгүй, худалдан авахгүй байхыг уриалж байна" хэмээжээ. ОХУ-аас импортоор орж ирэх хүнсний болон өргөн хэрэглээний бараанд хязгаарлалт хийгээгүй. Хилийн боомт хэвийн ажиллаж байгаа талаар мөн мэдээлсэн юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?