НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТУСЫН ТУЛД ХҮН БҮР...

2020-03-20  

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд хандаж уриалга гаргажээ.

"Монголчууд аа, ард иргэд ээ!

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусийн халдвар Монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус, илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.

Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!" гэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?