КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ АМАРГҮЙ БАЙНА

2020-03-26  

Мэдээ.МН

Шинэ коронавиурсийн халдвар буюу covid-19 цар тахлын тархалтаас сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ОБЕГ шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга П.Бадрал: "Коронавирусийн халдварын нөхцөл байдал амаргүй байна. Манай улс одоогоор таван удаагийн нислэг хийсэн. Одоогийн байдлаар 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн улс орнууд гадаадад суугаа өөрсдийн иргэдээ татаж авч байна. 100 гаруй улс иргэдээ гадаадаас татаж авч байгаа гэсэн мэдээлэл байна. Австралийн Засгийн газраас хүсэлт гаргаж, өнөөдөр манай улсаас зургаан иргэнээ татаж авсан. БНСУ-аас ирэх амралтын өдрүүдэд 200 гаруй иргэнээ татаж авах хүсэлт тавьсан.  Тусгай үүргийн нислэгээр 750 орчим монгол иргэн ирнэ. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана.

Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: "Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай.  Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан. Өчигдөр Москвагаас Улаан-Үдэд 200 орчим монгол иргэн ирсэн. Дархан, Сэлэнгэ аймагт хүлээн авах байрны чадамж хүнд байгаа хэдий ч бид зохицуулахаар ажилаж байна. Иргэдээс Шуурхай штабын утсанд маш их бухимдсан дуудлага ирж байгаа. Тайван хүлээцтэй байгаарай. Иргэд тайван байх нь бидэнд хамгийн том дэмжлэг. Тиймээс иргэдийн бухимдалтай холбоотойгоор бид сэтгэл заслын зөвлөмж гаргаад түгээж байна. Тайван байх нь чухал шүү гэлээ. Мөн энэ үеэр ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэгээр гадаад улсаас иргэдээ авахаар болсон.

Тухайлбал,

  • Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдах юм.

Иргэд тавьсан шаардлагуудыг биелүүлж байж ирэх эрх нь нээгдэнэ хэмээн Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг онцоллоо.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?