Өнөөдөр Прокурорын газраас төрийн болон нийтийн ашиг сонирхлын зөрчилтэй хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. Зөрчилтэй хэргүүдийн дунд УИХ-ын гишүүн Дамба-Очир, Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газар энэ оны эхний улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнд 25 нь авлигын гэмт хэрэг байгаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэсэн байна.
“Жаст” групп компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон Цахим сүлжээ ашиглан, бусдыг залилсан, мөнгө угаасан байж болзошгүй БНХАУ-ын 23 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, прокурорын хяналтад ирүүлснийг тус тус хянаж байгаа гэлээ. Энэхүү цахимаар мөнгө угаах хэрэгт Монголын иргэд ч холбогдон шалгагдаж байгаа юм.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой нийтийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин бизнесийн салбартай холбоотой хүмүүсийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг хэллээ. Энэ оны 1 улирлын байдлаар 7,298 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 3,816 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 172 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
О.Гоо-Оюун