Монгол улсын 330 сум хөгжих, нурах эсэх нь орон нутгийн сонгуулийн тухай хуультай шууд хамааралтай. Гэтэл намрын чуулганаар баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйл болон хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн байна.
Иймд Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэл Үндсэн хуулийн цэцэд иргэнийхээ хувиар мэдээлэл гаргалаа.
МҮАН дарга Б.Цогтгэрэл: Орон нутгийн сонгуулийн тухай хуульд гарсан зөрчлийг арилгаснаар нийслэлийн дүүргүүд, сумдуудад намаараа талцаж хөрөнгө хүчээ бардаг явдал арилж, дүүргүүд хоорондоо, Монгол улсын 330 сумд өөр хоорондоо хөгжил дэвшлээрээ уралддаг болно. Мөн орон даяар хийрхсэн намчирхал саармагжиж хүмүүс ахуй амьдралдаа анхаарах улмаар төрийн богино, дунд урт хугацааны бодлогууд ажил хэрэг болох суурь нөхцөл болно хэмээн үзэж байгаа юм байна. Өнөөгийн УИХ-аар хэлэлцэж байгаа Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын бичиг баримтыг хэрэгжилт ч үүнтэй шууд хамаатай.
Орон нутгийн сонгуулийн хууль батлагдахаас өмнө уг асуудлаар МҮАН дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй 25 нам хуралдаж, сошиал хэлэлцүүлэг зохион байгуулж байсан удаатай. Энэ үед ихэнх намын төлөөллүүд уг хууль зарчмын зөрүүтэй, засаж залруулах хэрэгтэй. Ингэснээр аймаг, сум, дүүрэгт тулгамдаж буй асуудал, нийгмийн талцал хуваагдалыг арилгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байсан юм.
Мөн энэ талаар control.mn сайт " Орон нутгийн сонгуульд хэрхэн нэр дэвшүүлэх нь зөв бэ?" гэх санал асуулга явуулахад санал өгсөн иргэдийн 78,9% нь буюу дйилэнх иргэд сонгуулийн хуулийн тодорхой заалт, шалгуурыг хангасан бие даагчийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байв. Энэ нь орон нутгийн иргэд намаас салах, хөгжиж дэвшихийг хүсэж байгааг илтгэж буй.
О.Гоо-Оюун