УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: НАМ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ШИНЭ НАМЫН ЭГНЭЭНД ОРОХ НЬ ОДОО Ч НЭЭЛТТЭЙ

2020-04-15  

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гараад байгаа. Сонгууль хойшлуулахыг та дэмжих үү?

-Сонгууль хойшлуулах талаар миний бие өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Энэ цаг үе бол онцгой үе. Бид улс төрөө бодох уу, улс орноо бодох уу гэсэн сонголтын өмнө байгаа.

Тэгээд ч сонгууль хойшлуулах эсэхийг аль нэг нам, улс төрийн байгууллага шийдэхгүй. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүссэнийг зарлаад Улсын Онцгой комисс үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ. Хэрвээ сонгуулийг цагт нь явуулна гэж байгаа бол эхлээд онцгой байдлаа албан ёсоор цуцлах хэрэгтэй. Тэгж байж нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа чөлөөтэй орно. Засгийн газар, УОК-оос ингэж зарлаагүй нөхцөлд сонгууль явуулах ямар ч бололцоо байхгүй. 

Коронавирусын тархалт хэзээ намжиж, бүрэн дарагдах нь мэдэгдэхгүй хэвээр байна. Тиймээс монголчуудынхаа эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. ШИНЭ намын байр суурь ч ийм байгаа.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх санал гаргасан. Төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэхээр хэрхэх вэ?

- Вирусээр далимдуулж улс төр хийгчид янз бүрээр л тайлбарлаад байх шиг байна. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө энэ талаараа тодорхой тайлбар хийсэн шүү дээ. Ямар ч асуудал Үндсэн хуулийн хэм хэмжээнд л явагдах ёстой.  

- ШИНЭ нам нэр дэвшигчиддээ ямар шалгуур тавьж байгаа вэ?

-ШИНЭ намын санаачилгаар улс төрийн 11 нам, 100 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэж ШИНЭ эвсэл байгуулан сонгуульд орох гэж байгаа. ШИНЭ эвслээс нэр дэвшигчид хэн нэгний шалгуур, үзэмжээр бус зөвхөн иргэдийн шалгуурыг давж тодорно. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга иргэдээ шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн улс төрийн нам, эвсэл одоогоор ШИНЭ-ээс өөр байна уу, алга. Манай нам анх байгуулагдахдаа л үүнийг онцолсон. Бусад намуудаас нэр дэвшихийн тулд дор хаяж хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болох нь. Харин манай намд зөвхөн таныг төрд төлөөлөх шударга иргэн л хэрэгтэй. Тэр хүн халаасандаа хэдэн төгрөгтэй нь сонин бус, Монголоо хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна гэсэн зүрх сэтгэлтэй байх нь л чухал.

-Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Энэ тухайд?

-ШИНЭ намаас Засгийн газарт анхлан санал хүргүүлсэн, ийм онцгой цаг үед улстөржөөд талцаж хуваагдаад байх нь зохимжгүй гэдэг үүднээс УИХ-ын дэргэд парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулсан зөвшилцлийн хороо байгуулья хэмээс санаачилгыг ч гаргаад байгаа. Орон гэртээ сууж байгаа ахмад настан, өрх толгойлсон эхчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэдээ дэмжих, түүнчлэн түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, Монголбанкны бодлогын хүүг бууруулах, шатахууны үнэ бууруулах гэх мэт олон санал санаачилгыг Засгийн газарт хүргүүлсэн. Эрх баригчдаас авч хэрэгжүүлж байгаа сайшаалтай арга хэмжээнүүд байна, түүнчлэн шүүмжлэлтэй хандах асуудлууд ч цөөнгүй. Тэр бүрийг манай намаас олон нийтэд хандан тогтмол хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлж байгаа.

-АН-аас ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэн орох уриалгыг хүргүүлж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Миний бие ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Ардчилсан намаас жагсаалтаар бус УИХ-ын тойрогт удаа дараа нэр дэвшин өрсөлдөж, суудал авчирч байсныг та мэдэх байх. Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа намуудын тоонд МАНАН бүлэглэлийн эрх ашгийг тууштай хамгаалдаг Э-гээр эхэлсэн дарга нарыг толгойдоо залсан нам орох уу гэдгийг ойлгоход урт хугацаа хэрэг болохгүй юм шиг байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр олон түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарсныхаа төлөө АН-аас хөөгдсөн. Шинэ нийгмийг хүсэмжилсэн шударга иргэдтэйгээ эвсэн нэгдэж улс төрийн намын зохион байгуулалтад ороод ШИНЭ эвсэл бүрдүүлээд явж байна. Энэ бол цэвэр ардчиллын төлөөх үйл хэргийн үргэлжлэл. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл чинь өөрөө ардчиллын үзэл санаа, уриалга шүү дээ, иргэн бүр хөрөнгө чинээ, угсаа гарал, нам хөдөлгөөн харгалзахгүйгээр ШИНЭ-ийн эгнээнд орж, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдэх нь  одоо ч нээлттэй байгаа гэдгийг харин энэ дашрамд хэлэх нь зүйтэй. Түүнээс бус аль нэг нам руу очих ямар ч асуудал байхгүй. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ццарал :Болд гишүүн бол УИХ-д зайлшгүй байх ёстой төлөөлөл. байх байхдаа нэртэй, нөлөөтэй төлөөлөл гэдгийг залуучууд санаж сэрж явах хэрэгтэй. Төрийн мэлмий болсон оюун ухаантай хүн шүү. Нэр цэвэр, үйлс арвин хүн дээ. Шинийг олж харж, бүтээгч нэгэн. Мөн залуу үеийхний өмнөөс дуу хоолой болж тэдний төлөө, хүний төлөө дугарах үг бүр нь үнэтэй. 2020-04-15
Мөрөн :Зөв ш дээ, сонгууль 1 жил хойшиллоо гээд ялгаа байхгүй, гол нь ард иргэдийн эрүүл мэнд чухал Сонгууль хийж байгаад вирус орон даяар тараачихвал ямар хор уршиг болохыг бүгд мэдэж баймаар юм даа 2020-04-15
Мөрөн :Зөв ш дээ, сонгууль 1 жил хойшиллоо гээд ялгаа байхгүй, гол нь ард иргэдийн эрүүл мэнд чухал Сонгууль хийж байгаад вирус орон даяар тараачихвал ямар хор уршиг болохыг бүгд мэдэж баймаар юм даа 2020-04-15
Зочин:ардчилсан нам Эрдэнэ вангаасаа с****гүй бол ирэх сонгуульд ороод ч хэрэггүй дээ. 2020-04-15
Зочин:ардчилсан нам Эрдэнэ вангаасаа с****гүй бол ирэх сонгуульд ороод ч хэрэггүй дээ. 2020-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?