Коронавирусийн цар тахлын улмаас тогтоож буй хөл хорио олон салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаагийн нэг бол амьтны хүрээлэн юм. Тэгвэл ХБНГУ-д энэ байдал хүндэрч, амьтны хүрээлэнд амьтдыг тэжээх хоол хүнсний хомсдол үүсчээ. Улмаар тус улсын амьтны хүрээлэнгийн нийгэмлэгийн үзэж буйгаар энэ салбар “амьд үлдэх” ганц зам нь амьтдыг амьтдаар нь хооллох гэж үзжээ.
“Neumünster” амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспари: “Бид эхний байдлаар нядлах амьтдын жагсаалтаа гаргасан. Үүнийг хийхэд маш амаргүй байлаа. Хэрэв нөхцөл байдал хэцүүдвэл амьтдыг өлсгөж үхүүлэхийн оронд зовоолгүй унтуулахыг илүүд үзэж байгаа” гэж мэдэгдэв. Амьтдыг өөр тийш нь зөөвөрлөх боломжгүй учир дээрх шийдвэр хамгийн эцсийн арга байсан талаар тэр хэлжээ. Уг арга хэмжээг авсан ч ирэх саруудад зочин хүлээж авахгүй учраас ирээдүйд учрах санхүүгийн хямралыг зохицуулах боломжгүй аж. Түүний хийсэн тооцоогоор хаврын улиралд зочингүй байснаар 175 мянган евро хүртэлх алдагдлыг хүлээх юм байна.
Эх сурвалж: Германы Welt сайт