-Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналуудыг бид удаа дараа эрх баригчдад хүргүүлсэн. МҮХАҮТ-иас коронавирусын эсрэг хоригийн бизнест үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийсэн. Судалгаанаас харахад бүх бизнесийн 60 гаруй хувьд нь зээлийн хүү, хугацаа, 20 гаруй хувьд нь түрээсийн төлбөрийн асуудал томоохон дарамт учруулж байгаа нь тогтоогдсон. Аялал жуулчлал, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт коронавирусын эсрэг хориг хамгийн ихээр нөлөөлсөн байна. Өнөөдрийн байдлаар 6000 орчим ажлын байр цомхотгосон гэсэн тоо бий. Цаашид үргэлжилбэл 8000 ажлын байр үгүй болох бодит эрсдэл хүлээж байна. Судалгаанд 1500 компани хамрагдсаны 33 хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгосон байна. Өнөөдөр үүсээд байгаа хямрал урд өмнөх эдийн засгийн хүндрэлүүдээс эрс өөр нөхцөл байдалтай байгааг анхаарах хэрэгтэй. Мөн МҮХАҮТ арилжааны банкууд болон “Монголын банкны холбоо”-той уулзалт зохион байгуулсан. Бодлогын хүүг бууруулах зэргээр тодорхой арга хэмжээ авахгүйгээр холбогдох асуудлыг шийдэх боломжгүй гэдгээ банкуудын зүгээс хэлж байсан. Бид Монголбанк болон бусад холбогдох хүмүүстэй удаа дараа уулзалт зохион байгуулсан. Харамсалтай нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарсангүй. Том захууд болон түрээслэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Мөн л 80 гаруй хувьд нь хүндрэл үүссэн төдийгүй 30 хувийнх нь орлого 50-иас дээш хувиар буурсан байна. Нѳхцѳл байдал тааруухан байна. Засгийн газрын шийдвэрүүд бүхэлдээ бизнес эрхлэгчид, ААН-дэд шууд дэмжлэг болохуйц шийдлүүд биш гэж МҮХАҮТ-ын ерөнхийлѳгч О.Амартүвшин Монголын бизнес болон бизнес эрхлэгчдийн нѳхцѳл байдал, Засгийн газрын шийдвэрийг дүгнэлээ.
Энэ байдлаар үргэлжилбэл 8000 ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Засгийн газар ажлын байрыг хадгалах, бизнесийг хамгаалах талаар оновчтой шийдэл гаргаж чадсангүй. Ялангуяа Монгол банкны бодлогын хүүг буулгаж чадаагүй нь Арилжааны банкны үйл ажиллагааг ѳѳрчлѳх талаар юу ч яриад нэмэргүй гэдгийг онцоллоо.
Э.Цэбэ