ЭНЭ ХЯМРАЛ БУСАД ХЯМРАЛААС ХҮНД ТУСНА

2020-04-27  

Дэлхий даяар Ковид-19 өвчлөлийн тоо 2.5 сая давсан. 170 мянга илүү хүн амь насаа алдсан. Гунигтай нь, эдгээр тоо бол ердийн нэг үнэлгээ, тооцоо биш. Тоо нэг бүрийн ард нэртэй, устай бодит хүн байгаад асуудал оршино. " Ковид-19" хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй иргэдийн аж амьжиргаанд нөлөөлж эхэлсэн. Тиймээс энэ ѳвчин нь зөвхөн эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын асуудлаас хальсан. -"Ковид 19" бол бусад ямарч хямралтай адилтгаж болохгүй муу үр дагавартай гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Др. Тедрос, ОУВС-гийн Удирдах Захирал хатагтай Кристалина Георгиева нар онцолсон.

-ОУВС түүхэндээ ийм хүнд, хэцүү үетэй урьд ѳмнѳ тулж байгаагүй. "Ковид 19'-ээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн. Энэ хямрал өмнөх үеийн эдийн засгийн хямралуудаас ч илүү хүнд тусна гэж хатагтай Кристалина Георгиева анхааруулсан.

" Ковид 19" баян, ядуу гэж ялгалгүйгээр дэлхийн бүх орныг хамарч, иргэдийнх нь эрүүл мэнд, амь насанд заналхийлж, эдийн засагт нь хүнд цохилт өгч, ажилгүйдэл, орлогогүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэх том эрсдэлийг дагуулж байгаагаараа маш хортой. Ялангуяа хөгжиж буй болон хөрөнгө, мөнгөний нөөц багатай ядуу, дорой улс оронд энэ эрсдэл улам өндөрсѳж байна. Шинэ корона вируст хүн амын эмзэг сул хэсэг нь илүү өртөж байгаатай нэг ижил, эдийн засаг сулхан орнууд эдийн засгийн хямралд илүү хүндээр өртөх тѳлѳв ажиглагдаж байна. Тэр дундаа эрүүл мэндийн тогтолцоо харьцангуй сул, нийгмийн аюулгүй байдлын сүлжээ сайн хөгжөөгүй, ядуу, орлого багатай эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ хязгаарлагдмал нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, амьдрал, амь нас, аж амьжиргааг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай.

Тиймээс улсын тѳсвѳѳс зарцуулах зардал мѳнгийг эргэн нягтлах зайлшгүй шаардлага олон орны ѳмнѳ тулгараад байна гэж ОУВС-ийн даамал хатагтай Кристалина Георгиева хэвлэлийн бага хурлын үеэр нэмж хэлсэн. -"Ковид 19"-тэй тэмцэх ажилд үндэсний болон дэлхийн түвшний эв нэгдэл хамгаас чухлыг ДЭМБ нэг бус удаа санууллаа. Ингэж ОУВС-ийн даамал хатагтай Кристалина Георгиева болон ДЭМБ-ын дарга Тедрос нар ДЭМБ-аас зохиосон Хэвлэлийн бага хурал хийсний дараа Женев хотод, ДЭМБ-д ажиллаж буй доктор Баярсайханаас энэ талаар энгийн хэлээр тодруулга хийж ѳгѳхийг хүссэн юм.

Дэлхийн улс орон, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэл үүрэг гүйцэтгэнэ. Нэг ижил ойлголттойгоор бүх шатны түвшинд нэгдэж чадсанаар иргэдийн эрүүл мэнд, амь нас, аж амьжиргааг хамгаалах боломж дээшлэнэ. Өөрөөр хэлбэл үндэсний болон дэлхийн түвшний эв нэгдлийг бий болгох, хэрэгжүүлэх гол хөрс, үндэс суурь нь нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагаа болж байна. Ингэж байж энэ цар тахлын хүн ам, нийгэм, эдийн засагт тусах сөрөг нөлөөг бууруулах юм. Иргэдээ хамгаалахад юуны түрүүнд эрүүл мэнд, санхүү, нийгмийн салбарын нягт хамтын ажиллагаа шаардлагатай болж байгааг онцоллоо. Улс орон бүрт, тухайн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ хамгаалах гэдэг ойлголтыг өөр өөрөөр тайлбарлаж болно

. Харин миний хувьд иргэдээ орлого, санхүүгийн талаас яаж хамгаалах (financial protection) вэ ? гэдэг асуудлыг илүү тодотгох нь зѳв гэж үзлээ. Эрүүл мэндийн бүх нийтийн хамралт (universal health coverage)-д хүрэх бодлогын зорилт тавьсан орнуудад эрүүл мэндийн хамралтад зөвхөн хүн ам бус тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөх, санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх талаар багагүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж ирэв.

Энэ ажлын ач холбогдол "Ковид 19"-ийн үед улам нэмэгдэж энэ чиглэлд илүү их хөрөнгө, мөнгө нэмж хуваарилах, зарцуулах шаардлага гарч буйг тодотголоо. Санхүүгийн хамгаалалтын гол утга нь өвчтөн, иргэд шаардлагатай эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны улмаас, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн систем дотор үүсэх зардлаас болж ядууралд орохоос хамгаалахад оршиж буй юм. Хямралын үед ийм хамгаалалт орлого багатай эмзэг, ядуу бүлэг, ажилгүй, орлогогүй болсон иргэд, эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст зайлшгүй шаардлагатай болно. Энэ арга хэмжээг авч чадсан тохиолдолд эцсийн дүндээ иргэдээ ч ядууралд орохоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж ойлгож болно.

Санхүүгийн хамгаалалтын нөгөө нэг чухал хэсэг нь тэгвэл юу вэ? Энэ нь эрүүл мэндийн системийн гадна үүсэх зардлаас иргэдээ хамгаалахыг хэлж буй юм. "Ковид 19-"ийн үед иргэдээ дээрхи хоёр төрлийн эрсдэлээс хамгаалсан санхүүгийн цогц бодлого, хоорондоо уялдсан арга хэмжээг улс орон бүр нэн даруй хэрэгжүүлснээр дээрхи хүндрэлийг даван туулах гол хөшүүрөгтэй болж байна гэж үзэж буй . Эрүүл мэндийн үйлчилгээ, зардлын хамрах хүрээ, санхүүгийн хамгаалал бол аль ч орны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогод тусч байдаг нэн чухал элементийн нэг. Эрүүл мэндийн систем дотор үүсэх зардлаас иргэдээ хамгаалах санхүүгийн механизмыг бүрдүүлэх асуудал эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилтод тодорхой туссан байдаг. Харин нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хангамжийн байгууллагууд эрүүл мэндийн системийн гадна үүсэх зардлаас иргэдээ хамгаалах асуудалд онцгой үүрэгтэй оролцдог. Учир нь өвчний улмаас иргэд ажил, орлогогүй болох, орлогын алдагдсан боломжийг нөхөх, тодорхой хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь орлогын аюулгүй байдлыг хангах, энэ хэрээр иргэдийн хөдөлмөрийн чадамжийг хадгалах, нөхөн сэргээх, эдийн засгаа дэмжихэд чиглэсэн төрийн бодлого тэнд хэрэгжиж байдаг. Эрүүл мэндийн систем дотор үүсэж байгаа санхүүгийн гол бэрхшээлийг тодотгоё. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд иргэд хувиасаа шууд төлбөр хийдэг(out of pocket payment) юм. Эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн төлбөр давамгайлж байгаа улс оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жигд, хүртээмжтэй байдал алдагдаж, улмаар ядуурал өндөр түвшинд хүрэхэд нѳлѳѳлдѳг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс мэргэжлийн хүрээнд эрүүл мэндийн систем доторх санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хоёр өнцгөөс харж үнэлэхийг зөвлөдөг.

Нэгт, эрүүл мэндийн зардал өрхийн орлогод нөлөөлж аж амьжиргааг нь сүйрүүлэх (catastrophic health expenditure) хэмжээнд хүрч байгаа эсэх, түүнд нийт өрхийн хэдэн хувь өртөж байгааг тогтоож бууруулах явдал.

Хоёрт, эрүүл мэндийн зардлаас болж хэдэн өрх, нийт өрхийн хэдэн хувь ядууралд орж байгааг тогтоож хамгаалах тухай асуудал юм. Өнөөдөр хөгжил дорой болон хөгжиж буй орнуудад иргэд хувийн төлбөрийн улмаас санхүүгийн бэрхшээлд орох тухай дурдсан нь сүрдүүлэг огт биш. 2017 онд ДЭМБ, Дэлхийн Банктай хамтарч хийсэн байдаг. Тус судалгаагаар дэлхийн хэмжээнд жил бүр 800 сая хүн эрүүл мэндийн зардалд өрхийн орлогын 10-с дээш хувийг зарцуулж, үүний улмаас 100 сая иргэд жил бүр ядуурч байгааг тогтоосон. Түүнчлэн, ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүсэд санхүүгийн хамгааллын талаар 2018 онд судалгаа хийсэн. Тус судалгаагаар ядууралд нѳлѳѳлж буй гол хүчин зүйл нь эмийн хэрэглэгээ, зардал болохыг илүү тодоор харуулсан байдаг. Энэ бүхнээс үндэслэн эрүүл мэндийн тогтолцоо сул, хязгаарлагдмал төсөв, хөрөнгөтэй улс оронд "Ковид 19 " ихээхэн хүндрэл, дарамт учруулахаар тѳлѳвтэй харагдана гэж анхааруулж байна. Тиймээс" Ковид 19"-н үед авах эрүүл мэндийн санхүүжилтийн арга хэмжээний талаар ДЭМБ-ын зөвлөмж гаргасан. Үүнд: Нэн тэргүүнд, эрүүл мэндийн түгээмэл бараа, бүтээгдэхүүн (common goods for health)-ий санхүүжилтийг хангалттай байлгах, хоёрдугаарт; эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, гуравт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбогдсон санхүүгийн саад, бэрхшээлийг арилгахыг зөвлөсѳн. Иргэдийн санхүүгийн хамгаалалт манай Монгол улсын хувьд онцгой ач холбогдолтой хэдий ч энэ асуудалд бага анхаарч, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүн багатай байна. Үүний нэг жишээ нь манай улсад ядуурлын түвшин сүүлийн 20, 30 жилийн дотор дорвитой буурсангүй. Сүүлийн мэдээгээр хүн амын 28 хувь ядуу, дээр нь 20 орчим хувь ядуурлын ирмэг дээр байгаа талаар мэдэгдсэн нь маш ноцтой. Энд хэдэн хувь наана, цаана байх нь тийм ч чухал биш, харин хүн амын багагүй хэсэг ядуу амьдарч байгаа нь үнэн юм. Мөн эрүүл мэндийн зардлаас болж ядуурах байдал нэмэгдэж байгаа ч бодлогын хэмжээнд анхаарч тогтмол үнэлж хяналтад авах ажил үгүйлэгдсэн хэвээр байна. Энэ бол эрүүл мэндийн даатгалд хүн амын 90-с дээш хувь хамрагдсан манай улсын хувьд ихээхэн анхаарал татах асуудал юм.

Эрүүл мэндийн системийн доторх болон гаднах зардлын дарамтаас болж "Ковид 19"-ийн оношилгоо, эмчилгээнд иргэдийг хамрагдахаас зайлсхийлгэж огт болохгүй. Улсын төсөв, даатгал болон хувийн төлбөрөөр санхүүждэг тогтолцоотой ч энэ байдлыг зохицуулах шаардлагатай. Цаашид "Ковид 19" халдварыг илрүүлэх, оношлох, тусгаарлах, эмчлэхэд хувийн төлбөр шаардахгүй байх тѳрийн бодлогоо үргэлжлүүлэх, нэмэгдэл хөрөнгө татаж улам өргөжүүлэх нь зөв болно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?