Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор өчигдөр/2020.04.30/ хотын дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал мэдээллээ. Тэрээр "COVID-19 халдварын тохиолдлууд бүгд гадаад орноос зөөвөрлөгдөн ирсэн, халдвар гадуур тархаагүй байгаа нөхцлүүдийг үндэслээд хэд хэдэн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх шийдвэрг гаргасан. Ингэхдээ ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын бус сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхээр заасан. Яагаад танхимын бус гэж заасан бэ гэхээр Засгийн газраас БСШУС-ын сайдад өгсөн чиглэлийн дагуу тушаал гаргаж, танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс Засаг дарга танхимын сургалтын үйл ажиллагааг нээх боломжгүй. Тэгэхээр танхимын сургалтын асуудлаар БСШУСЯ шийдвэр гаргах байх. Бид бол танхимын бус сургалтын үйл ажиллагааг нээсэн. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг байхаар тогтоож, нээсэн байгаа. Ажил олгогчдын зүгээс түрээсийн төлбөр төлдөг, ажилчдын цалин тавьдаг гээд асуудлууд байгаа учраас бидэнд хүсэлт тавьсан. Түүнийг харгалзан шийдвэр гаргасан. ДЭМБ-аас сүм хийдийн байгууллагуудыг нэлээн эрсдэлтэй гэж үнэлж байгаа учраас зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Иргэдийг олноор цуглуулахгүй байх, олон хүн оролцсон тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр үргэлжилнэ" гэв.
Э.Сувдаа