Фэйсбүүк компанид ажиллаж байх хугацаандаа үзсэн, харсан зүйлээсээ болж сэтгэл санааны хохирол амссан ажилтан бүр хамгийн багадаа $1,000 орчмын нөхөн төлбөр авахаар болсон байна. Оношоосоо хамаараад дээд тал нь $6,000-ыг авах боломжтой гэнэ. Сэтгэл санааны хямралд орсон нь эмчийн дүгнэлтээр батлагдсан нийт 11,250 ажилтан нөхөн олговор авахаар болсон бөгөөд үүнд нийт $52 саяын зардал төсөвлөгдсөн аж.
Сонирхуулбал: 2018 оны есдүгээр сард тус компанид контент хянагчаар ажиллаж байсан Селена Скола гэдэг эмэгтэй анх шүүхэд гомдол гаргаж байв. Тэрбээр ажлын байрандаа өдөр бүр аллага, хүчин, амиа хорлолтын дүрснүүдийг хардаг байсны үр дүнд PTSD (post traumatic stress disorder) гэгддэг сэтгэцийн эмгэг өвчтэй болсон байжээ. Селена ердөө есөн сар ажилласны дараа ийм эмгэгтэй болсон байна. Үүний дараа Фэйсбүүкт ажиллаж байхдаа сэтгэл санааны зовлонтой болсон олон хүн нэмэгджээ.
Эх сурвалж: The Verge