Д.ОРОСОО: М.ЭНХСАЙХАНЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЖ ЯЛЛАСАН

2020-05-13  

М.Энхсайханы ѳмгѳѳлѳгч Д.Оросоо Control.mn-д тодруулга ѳглѳѳ " Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гол үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгээс 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд 1/72 дугаартай албан бичгээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын нэрээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэх үйлдэл. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үзэж, ялласан. Мөн яг энэ үйлдэлд хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар давхар ялласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг нэг талаас нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж зүйлчилж, нөгөө талаас нь хорлон сүйтгэхийг завдсан гэж давхар яллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д нэг гэмт хэрэгт нэг л удаа ял ногдуулна гэсэн үндсэн зарчим байдаг. Тэгэхээр нэг үйлдэлд хоёр удаа яллаж байна гэсэн үг. Анхан шатны шүүхээс хорлон сүйтгэх гэсэн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, прокурорт буцаасан. Харин тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн, мөн автомашиныг зах зээлээс өндөр үнээр худалдаж авсан гэх үйлдэлд ял өгсөн. Хэргийг үйлдсэн цаг хугацаа хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Автомашинтай холбоотой асуудал 2013 оны тавдугаар сарын 18-нд болсон байдаг. Тавантолгойн төсөлтэй холбоотой хэрэг нь 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд болсон. Тухайн үед 2002 оны “Эрүүгийн хууль үйлчилж байсан учраас энэ хуулийг хэрэглэх ёстой. Гэтэл 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Энэ хуулийн 1.8-д Эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж, байсан хуулиар тодорхойлно гэж заасан. Тэгэхээр манай үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Энэ Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдсэн бол гэмт хэрэгт тооцдог. УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн хэрэгт хохирогч, хохирлын аль алин нь байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт хохирол шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Манай үйлчүүлэгчийг буруутгаж буй энэ үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй. Иймд тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой юм.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?