Өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй тогтсон усанд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэсэн харамсалтай хэрэг гарлаа .Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.