Тусгай үүргийн онгоцоор 1800 шахам иргэдээ эх оронд нь ирүүлнэ

2020-06-06  

Сидней-Улаанбаатарын чиглэлд 6 дугаар сарын 8-нд, Нурсултан-Улаанбаатар чиглэлд 6 дугаар сарын 10-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэг үйлдэж тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдээ эх оронд авч ирэх юм.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Тусгай үүргийн нислэгийн товд өөрчлөлт орж, өнөө шөнө Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн онгоц хөөрөх бөгөөд тус онгоцоор 250-270 орчим иргэн зургадугаар сарын 8-нд ирэх юм. Тус онгоц ирэх замдаа Филиппин улсад түр зогсолт хийж, 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулна. Мөн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд байгаа иргэдээ татан авах юм.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албан ёсоор анхааруулав. 

Үүнд: Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?