"Туул ижий" сангаас 7 дахь жилдээ 50,000 (тавин мянган) жараахайг үржүүлэн Туул голд тавилаа.
- Туул голын загас ховордсон. Экологийн тэнцвэр алдагдсан. Тиймээс Туул голоо загасжуулах "Нэг сая загас" төслийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна гэж тус сангийн нарийн бичгийн дарга Б.Тулга уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
- Байгалийнхаа жамаар түрс шахахад дөнгөж 1-3 хувь нь загас болох хандлагатай байдаг судалгаа гарсан байдаг. Тэгэхээр эх загасыг үржүүлгийн газарт дүрсийг шахуулж өсгөхөд 100 хувь жараахай өсдөг. Түүнийг бойжуулан эх голд нь тавихад 50 хувь нь амьдардаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Бид "Нэг сая загас" төслийг сүүлийн 3 жил дэмжин оролцож байна гэж Ямаха камп-ийн үүсгэн байгуулагч, тус төслийг дэмжигч Од-Эрдэнэ хэллээ.
Тавин мянган жараахайг эх голд нь тавих үйл ажиллагаанд "Туул ижий" сан, Кока кола компани, Тотал музик, Ямаха моторс, Ямаха камп, JCI -ийн хамт олны төлөөлөл 60 орчим хүн оролцсон байна.
- Загас үржүүлгийн газрыг Туул, Тэрсэлж голын эхэнд байгуулсан. Үйл ажиллагаа тогтворжсон. Үйл ажиллагаагаа эрчимжүүлж, үржүүлгийн газраа тэлж чадваас жилдээ 50,000 биш, түүнээс ч олон жараахайг үржүүлэн тавих боломжтой гэж Од-Эрдэнэ тодотголоо.