У.ХҮРЭЛСҮХ: БИ ШАЛГАХ ЁСТОЙ ХҮМҮҮСЭЭ ШАЛГАЖ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭНЭ

2020-07-07  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Зарчмын хувьд дэмжиж байгаа. Бүтцийг боловсруулахдаа дөрвөн зарчим баримталсан гэж байна. Хөгжлийн бодлого тогтвортой байна гэж Үндсэн хуульд заасан. Эдийн засгийн хөгжлийн яамтай байна гэж хууль баталсан. Хэрвээ яам байхгүй бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулна гэж Ерөнхийлөгч санал өгсөн юм байна. Хөгжлийн яам байгуулахгүй яагаад ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудал оруулсан юм бэ. Чөлөөт бүсийг Шадар сайд, хилийн боомтыг Сангийн сайдын харьяанд өгсөн байна. Боомт байж чөлөөт бүс байна. Тэгэхээр үүнийг аль нэгэнд нь харьяалуулах ёстой байх. Үүнийг яагаад ингэж оруулж ирж байгаа юм бэ.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд дээр Эдийн засаг хөгжлийн яамыг оруулж ирээгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг УИХ баталсан. "Алсын хараа 2050" гэж урт хугацааны бодлогын баримт бичгийг мөн баталсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаад шинээр яам байгуулах нь зардал мөнгө шаардана, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах учраас шаардлагагүй гэж үзсэн. Хөгжлийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Үндэсний хөгжлийн газар хариуцаж байгаа.

Хилийн боомт дээр Сангийн яам, чөлөөт бүс нь Шадар сайд дээр байна гэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар чөлөөт бүс нь Шадар сайд дээр байгаа. Хилийн боомтын асуудал Сангийн яаман дээр байгаа. Хилийн тухай хуулиар хилийн боомтын зөвлөл гэж байдаг. Энэ боомтын зөвлөлийг Сангийн сайд тэргүүлдэг. Тиймээс өмнө нь байсан хуулийн зохицуулалтыг хэвээр нь оруулж ирсэн. Өөрчлөлт оруулаагүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид алдаагаа засах хэрэгтэй. Нэг болгох хэрэгтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. ЗГ тогтвортой ажиллах ёстой, нэг бид олон удаа ярьсан. Хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Гэхдээ хэрэгжих хугацааг нь хойшлуулж байгаа. Яам шинээр байгуулаад, сандал ширээ зөөгөөд байхгүй, ажлаа хий гэсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн олон яамдуудыг татан буулгаад, сандал ширээ зөөгөөд учир тоймоо алддаг. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя гэж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны асуудлыг Хөгжлийн яамны эрхлэх асуудлыг ЗГХЭГ-т авъя гэж байгаа. Аль болох хөдөлгөөн бага хийе гэж үзэж байгаа. Энэ бүтцээрээ ЗГ ажиллаад үзэг. Үр дүн нь гарах байх.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яамдуудын бүтцийн хувьд хэмнэлт талаас нь харвал Барилга хот байгуулалт, Зам тээврийн яамыг Дэд бүтцийн яам гээд явчих хэрэгтэй байгаа юм. Энэ хоёр яам арай илүү орон тоотой, зардал чирэгдэл өндөртэй. Соёлын яамтай болж байгаа юм чинь Соёлын газар шаардлагатай биш байх. Төрийн өмчийн хороо хэрэггүй болсон. Өмч хувьчлал дууссан. Яамдуутай хэдэн компанийг нь булаацалдаад л сууж байгаа. Нүүрсний асуудлыг Эрчим хүчний сайд руу оруулсан юм байна. Багануур, Шивээ-Овоо салбар руугаа очих юм байна гэж ойлголоо. Өмнө нь ЗГХЭГ-т яваад байдаг байсан нь буруу. Сангийн сайд ЗГХЭГ-ын дарга нар хоорондоо байнга маргалдаантай байхаар байна.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Өмнөх Засгийн газрын бүтцийг үргэлжлүүлээд аваад явъя гэсэн ерөнхий зарчмаар хуулийн төслийг боловсруулсан. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой шилжилт хөдөлгөөн хийвэл маш их хэмжээний зардал гарна. Соёлын яамыг шинээр гаргасан. Агентлаг нь Соёл, урлагийн газар гэж оруулж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгтэй. Бодлогын зохицуулалтын уялдаа холбоог хангах шаардлага байгаа. Нүүрсний асуудлыг Эрчим хүчний яаманд өгч байгаа. Хуучин ч тийм байсан. Тэр чигт нь оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ард түмэн арай өөр юм хүлээж байсан. Гэтэл энэ арай л биш байна. Та бүхэн баталдгаараа батлаад явах байх. 13 яамтай ажиллаад ирсэн юм байна. Одоо дахиад нэг яам нэгж байгаа юм байна. Дарга нарын сандал ширээ нэмнэ гэсэн үг. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөнд ингэж хандаж болж байгаа юм уу. Үсрээд 9 яамтай оруулж ирэх байх гэж бодож байсан. Миний ойлгож байгаагаар нэг ч хүн ядуурлаас гараагүй. Цаашдаа энэ 4 жил яах юм. Төр засаг ажлын байр бий болгодог гэж бодохгүй байна. Энэ бүтцээрээ ажиллаад хэчнээн хүн ядруулаас гарч, ажилтай болох юм. Энэ зөв бүтэц мөн үү?

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат: Улс орны хэмжээнд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын хүрээнд одоо байгаа Засгийн газрын бүтцээ хадгалж байгаа. Оновчтой бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажиллаж чадна гэж бодож байгаа. Соёлын яамыг тусад нь гаргая гэж байгаа. Улс орны түүх соёлтой холбоотой асуудлыг онцгойлон авч үзэх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Яамыг маш цомхон бүтэцтэй байхаар төлөвлөж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГ бүтцээ өнөөдөр батлуулаад дараа нь намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгон оруулж ирнэ. Үүн дээр тооцоо судалгааг хийнэ. Эдийн засаг хүнд байгааг бид бүгд мэднэ. Улстөржсөн байдлаар асуудалд хандаад хэрэггүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зарим сайд нарын эрхлэх асуудал, чиг үүрэг давхардал нэлээд байх шиг байна. Давхардлыг арилгахгүй бол ажил явахгүй. Хийдлийг арилгахгүй бол ажил дундаа хаягдаад байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 46 хуулийг батлах ёстой. Ихэнхийг нь Засгийн газар өргөн барина. Энэ чиг үүрэг хийдэлтэй харагдаад байна. Сангийн сайдын эрхлэх асуудал Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжээд явах юм байна. Хамгийн гол нь хэрэгжилтээ хэрхэн хангаад явах вэ. Соёлын яам байгуулж байхад Соёл урлагийн газраар яах юм бэ. Соёлын сайдын эрхлэх гуравхан эрхэлсэн асуудалтай. Яам, агентлаг хоёр нь ажлаа булаацалдаад сууна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Их хурлын гишүүд Ерөнхий сайдын өмнүүр ороод агентлаг байгуулаад өгчихөж байгаа, Ерөнхий сайдын өмнүүр ороод Их хурал өөрөө бүтэц гаргаад өгчихдөг. Гэтэл гүйцэтгэх засаглалын хүсэл биш байдаг. Ийм асуудлыг л цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Тиймээс бүтцийн асуудлыг ч гэсэн парламент хэлэлцэх шаардлагагүй. Ерөнхий сайддаа ямар санаа байна гэдгээс хэлэхээс бус өөрчилж болохгүй. Өмнөх шигээ явбал хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоёрын маргаан их гарна. Тиймээс Ерөнхий сайд томилж байгаа. Ерөнхий сайд өөрөө хариуцлагаа хүлээнэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд та бүхнийг сайн ажиллана гэж итгэж байгаа. Уул уурхайн баялгийг ард түмний мэдэлд өгнө гэж сонгуулиар их ярьсан. Оюутолгойг, Дубайн гэрээг сайжруулах, засахыг хэн хариуцах вэ. Тэр яам, тэр сайд хариуцна гэдгийг хэлж өгөөч. Гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж байж ЗГ хүчтэй байна. Шинэ шатанд гаргах ямар өөрчлөлт хийсэн бэ. 30 тэрбум ам.долларын өрийг хэдийд дарах вэ. Ямар зорилго зорилт тавих вэ. Хэн хариуцах вэ?  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Уул уурхайн баялаг, газар шороондоо эзэн байх ажлыг манай Засгийн газар чадах хэмжээндээ хийсэн. Шаардлагатай орд газруудаа буцааж авч байгаа. Цаашдаа энэ чиглэлээр нэлээд сайн ажиллана гэж бодож байна. Нэн ялангуяа хууль бусаар баяжсан хүмүүстэй тэмцэж байгаа. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг зарчимтай хүн. Энэ зарчмаа цааш нь үргэлжлүүлнэ. ЗГ гэмт хэрэгтэй тэмцэх субъект. Би шалгах ёстой хүмүүсээ шалгаж, гэмт хэрэгтэй тэмцэнэ. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан. ЗГХЭГ дээр бодлого боловсруулна. Тиймээс ачааллыг үүрч  байгаа. Манай улс 30 тэрбум ам.долларын гадаад өртэй. Үүний 7.2 нь Засгийн газрын өр. Бусад өрийг Засгийн газар мэдэхгүй. Хувийн компаниуд тавьсан. Засгийн газар өөрийнхөө тавьсан өрийг төлөхийн төлөө ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 8.2 их наядын өрийг төлсөн. Заримыг нь бага хүүтэй бондоор төлсөн. Цаашдаа ч энэ маягаар өрөө дарна. Улсын төсвийн мөнгөөр өр дарна гэж байхгүй. Ямар ч Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирээд бүх өрийг барагдуулна гэж хэлж чадахгүй байх гэж бодож байна. Тиймээс боломжийнхоо хэрээр дарж явж байгаа. Үүнийг бид улсын төсвөөр хийж чадахгүй. Аль болох хүү багатай бонд босгох арга замыг олно. Энэ бол бидний зовлон.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
уншигч:Хүрэлсүх Оюун-Эрдэнэ хоёрт эдийн засгийн боловсрол ёстой алга 2020-07-08
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?