НААДМЫН ТҮРҮҮ БӨХИЙН НЭРЭМЖИТ АВТОМАШИНЫГ НЭМГ-Т ГАРДУУЛНА

2020-07-08  

Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дэлхий даяар “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж буй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшн суулгасан ухаалаг таблет бэлэглэнэ. Даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн 6 насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжийг хүргэж байгаа юм.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд “COVID-19” цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархаж байна. Энэ автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цом гардуулж байсан. “Тоёота цом” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагддаг. 

Энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл”-ийг түрүү бөхөд гардуулна. Уг шагнал цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” гардуулах ёслол 7 дугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд болно хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?