УЛСЫН БАЯР НААДМЫН ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ

2020-07-09  

“Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын  хэсэгчилсэн зэргийг 7 дугаар сарын 15 хүртэл (6 дугаар сарын 30) сунгасан. Яг ийм цаг үед Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ой болох гэж байна. Жил бүрийн баяр наадам өөр өөрийн онцлогтой болдог. Тэдгээр нь барилдаж байгаа бөх, харваж байгаа харваачид, уралдаж байгаа морьдоос хэн гэдэг бөх  хэд давав, хэний ямар хүлэг торгон жолоо өргүүлэв гэдэг дээр гардаг байв. Энэ бүхнийг тодруулахын тулд 2019 оны улсын баяр наадмын бөхийн барилдааныг аваад үзье. Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас Улсын арслан Э.Оюунболд хоёр дахь удаагаа түрүүлж аварга болсон байх жишээтэй. Сур харваа, морины уралдаан бүгд энэ жишгээр явсан. Харин энэ жилийн хувьд жил бүрийн наадмын дээрх онцлогуудаас гадна ялгарах гол өнцөг нь өөр байх нь. Тэр бол “өндөржүүлсэн бэлэн байдал”-ын хэсэгчилсэн хориг.

Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хэд хэдэн түр журам баталсан байна. Эхний түр журам нь Улсын баяр наадмын нээлт.  Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж нээнэ. Гэхдээ үзэгчид байхгүй. Ажил үүргийн дагуу төв цэнгэлдэх хүрээлэнд гарч орох зохион байгуулагчид ариутгал халдваргүйжүүлэлтийн үеийн дэглэм, хүн хоорондын зайг ягштал баримтална.

”Үзэгчидгүй” гэдгийн тухайд МҮОНРТ болон бусад арилжааны телевизүүд шууд дамжуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамж ердөө 12000-15000 хүнийх. Улсын баяр наадмын нээлт сүүлийн жилүүд (30 жил)-ийн  үзэгчид нь гадаадын жуулчид хийгээд төр засгийн албаны хүмүүс ордог. Үлдсэн жоохон зайд нь наадамчдын төлөөлөл байсан гэж хэлж болно. Бусад нь бүгд гэртээ телевиз үздэг. Тэр жишиг жирийн наадамчдын хувьд энэ жил давтагдана. Харин “өндөржүүлсэн бэлэн байдал” -ын хэсэгчилсэн дэглэмийн үед гадаадын жуулчид байхгүй. Зохион байгуулагчид хийгээд цөөн тооны хүмүүс  оролцох нь тодорхой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж баяр наадмын нээлт, бөхийн барилдаан, урлагийн тоглолт үзнэ гэхээс илүүтэй үзэгчид “наадмын хуушуур” хүртэх, наймаа арилжаа хийх, таньдаг мэддэг хүмүүс тааралдах болов уу гэдэг үүднээс очдог байсан. Гэвч олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээ энэ жил баяр наадмын талбайд хориотой. Улсын баяр наадмын  гол онцлог энэ байх юм. Ийм нөхцөлд төв цэнгэлдэх хүрээлэн явах нь илүү ажил болох биз. Улсын баяр наадмын бөхийн барилдаан, сур болон шагайн харваа 13 дугаар зуун цогцолборт болно. Тэр бүгдийг цахимаар шууд дамжуулна.

Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо /2020.06.01/ хуралдаж, 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 329 суманд нэгэн  зэрэг зохион байгуулна. Улсын баяр наадамд 512, аймгийн наадамд 128, сумдын наадамд 64 бөх барилдуулах шийдвэр гаргажээ. Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-нд улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос чиглэл өгжээ. Уг чиглэлд “Үндэсний бөхийн барилдаан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт болно. Бөхчүүд ажиллах цэц, жаяг дэгийн баг, засуулууд өөрсдийн унаагаар Эрдэнэ сум хүрэх боломжтой. Эрдэнэ сумаас тэднийг зохион байгуулах хорооны автобусаар наадмын талбай руу хүргэнэ. Улаанбаатар хотоос бөхийн салбар хорооны автобус наадмын талбай руу шууд бөхчүүд ажиллах цэц, жаяг дэгийн баг, засуулуудад шууд үйлчилнэ. Түүнд суух боломжтой” гэж дурьдсан байна. Улсын нааадамд барилдах бөхчүүдийг 6 дугаар сарын 26-28-ны өдөр бүртгэсэн байна. Барилдах бөхчүүд “КОВИД-19” шинжилгээ өгсөн байх ёстой. Дээрх журам шагайн болон сур харваачдад ижилхэн үйлчилнэ.

Хүй долоон худагт хурдан морины уралдаан болно. Тэнд ямар нэг үзвэр үйлчилгээ гарахгүй. Ийм тохиолдолд цаг, зав бинзен, тос гарздан тийшээ явах шаардлага гарахгүй. Морины уралдааныг дэргэдээс нь гэхээс илүүтэй гэртээ (уяач биш бол) телевизээр үзэх нь илүү ойлгомжтой байдаг. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан дүүрэг бүрд цахимаар бүртгэж эхэлсэн. Улмаар Хүй долоон худагт өнөөдөр (2020 оны 07 дугаар сарын 09) 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Гэхдээ уралдаанч хүүхэд нь:

  1. 7-оос дээш настай
  2. Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой
  3. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж "эрүүл” гэсэн тодорхойлолт авсан
  4. Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан
  5. Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан
  6. Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх ёстой гэсэн шаардлага хангасан байх ёстой. Харин бүртгүүлэхээр ирэхдээ:
  7. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт
  8. Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр
  9. Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
  10. Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар байх учиртай юм байна.

Түүнээс гадна зургаан насны хурдны морь гараа луу гарах, барианд орох тухайн цагуудад нийслэлээс орон нутаг руу гарах замын урсгалыг хязгаарлана. Харин замын нийслэл рүү орох урсгал нь нээлттэй байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Ер нь хурдан морины салбар хорооны хуралдаан өнөөдөр (2020 оны 07 дугаар сарын 09) Хүй долоон худагт хуралдаж зарим нэг зүйлийг илүү тодорхой болгох аж. Монгол улсын төрийн далбааны өдөр, "Дээлтэй монгол" наадам  (07 дугаар сарын 10), хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болон сур, шагайн харваа энэ жил болохгүй. Эдгээр нь улсын баяр наадмын энэ жилийн онцлог байх нь.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?