ХЭНИЙ ХҮН БЭ?

2020-07-16  

 Ардчилсан Намын даргын сунгаа зарлагдлаа. Хамгийн түрүүнд материалаа бүрдүүлж өгөв. Одоогоор нэр дэвшээд байгаа зургаа долоон эрчүүдтэй ганцаараа өрсөлдөх эмэгтэй нь болж байх шиг байна. Ер нь манай намын түүхэнд эмэгтэй хүн намын даргад өрсөлдөж буй анхны тохиолдол энэ л дээ. Нэг талаас зориг шаардсан, нөгөө талаас сонирхолтой адал явдал намайг угтаж байх шиг байна. Дараа дараагийн эмэгтэйчүүддээ дардан зам гаргаж өгөх юмсан, анхны өрсөлдөгч эмэгтэй нь нэрээ татчихгүй юмсан, болж өгвөл ялаад эмэгтэй хүн дарга байж болно гэдгийг тунхаглалцаад өгөх юмсан гэж би бодно. Намын даргад нэрээ дэвшүүлсэн тэр өдрийн маргааш миний утас ихэд хангинав. Намын партизан гишүүн байна гэсэн аатай хүмүүс залгаж “чи хэний хүн бэ?”

 “Чамайг бид хүлээж авахгүй, чи Элбэгдоржийн хүн гэнэ!” гэх мэтээр загнав. Энэ асуудал тийм ч хөнгөн асуудал биш бололтой. Үл тоомсорлоод хариулахгүй өнгөрөөж болохгүй уг мухрын хариулт нэхэж байгаа нь дараагийн хэд хоногийн үйл явдлаас харагдаж байлаа. Хэн, хэдэн удаа, яаж, ямар зан авираар ийм асуултыг надад тавьж байгааг би энд дурдах хэрэггүй юм. Харин энэ асуултын хариу манай намын жирийн гишүүдэд маш чухал юм байна гэдгийг би ойлгож байна. Ийм учраас “Би хэний хүн бэ?” гэдэг асуултанд хариулья. Үнэндээ би улс төрд амьдарсан 28 жилийн хугацаанд хүний эрхийн төлөө ажиллаж байна гэж өөрийгөө бодсоор ирсэн. Гаднаас харахад хэний төлөө ажилласныг би дүгнэхгүй байх. Харин хүний эрхийн зөрчил үүсгэж байсан үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын эсрэг ямар нэг шүүмжлэл хэлж байсан юм билээ. Сэтгүүлчдийг хамгийн их шүүхэд өгдөг байсан Н.Багабанди ерөнхийлөгч, жагсаалчдыг барьдаг байсан Н.Энхбаяр ерөнхийлөгч нарыг би хэрдээ их шүүмжилдэг байлаа. Дараа нь Ардчилсан ерөнхийлөгч гэж итгэж байсан, өөрийн намаас нэр дэвшсэн хоёр ерөнхийлөгчийгөө бас л нэг мэдэхэд шүүмжилчихсэн байж билээ. С.Зоригийн хэрэг дээр хуулийнхан хүний эрх зөрчсөн буруу процедураар ажиллаж байна гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй санал зөрөлдөв. Цаазаар авах ялыг сэргээх гэлээ гэж Х.Баттулга ерөнхийлөгчийнхөө байр суурьтай бас зөрөлдөв.

Нэг л мэдэхэд би энэ мэтээр хүний эрхийн асуудлаас болж хүн болгонтой ам зөрчихсөн явдаг. Гэхдээ би бас л хүний эрхийн асуудлаас болж хүн бүхний хүн мэт болчихдог юм. Улс төрд, ялангуяа манай намд хүний эрхийн асуудал үүссэн бүх хүний хэрэг дээр миний багахан ч болов оролцоо орчихсон байдаг. Анхны намын дарга Э.Бат-Үүл 2000 оны 8-р сард баривчлагдахад 23 хоногийн турш акц өрнүүлж билээ. Гадаад дотоодод мэдээлэл бичиж, төрийн ордныг захиагаар дарж хүний эрхийн зөрчлийг арилгуулалцсан. С.Эрдэнийг баривчлагдахад, дараа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь зөвшөөрөхгүй гацаахад мөн л түүний албат мэт ажилласан. З.Энхболдыг бүтэн жил заргалдсаныхаа дараа УИХ-ын гишүүнээр дөнгөж орж ирэхэд хуулийн төслийг нь бэлтгэн өгч, авилгатай тэмцэхэд нь тусалж байв. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Ерөнхийлөгчийн сонгуульд цаг наргүй ажиллаж л байв. Н.Алтанхуяг даргын ойр тойрны бүх хүмүүсийг хомроголон барьж хорьж байх үед 461-р анги руу очиж Л.Гансүх, Тулга, Дэнзэн, Батсуурь нартай биечлэн уулзаж эрхийг нь хамгаалдаг гишүүн нь байв. Л.Гүндалайг нүдэн дээр баривчлагдаж байх үед баримтжуулах, Х.Тэмүүжинг чуулган дээр хамгаалах, долоон сарын нэгний хохирогчдыг олон улсад хамгаалах, Казиногийн гурван гишүүнийг Олон улсын парламентын холбоонд бичиж өмгөөлөх гээд эрсдэл шаардсан олон зүйл дээр огтхон ч эргэлзэж тээнэглэзэж бодох юмгүйгээр би ажилладаг. Энэ бүхэн маань хүний эрхийг, бидний үр хүүхдүүдийн амьдрах нийгэм дэх эрх, эрх чөлөөг нийтэд нь дээрдүүлнэ гэж би итгэж ажилладаг. Гэхдээ би алдах юмгүйдээ “хар хүний төлөө шар хүн” болж дуугарч байдаг юм биш ээ.

Би бусдын л адил аюулгүй байдалдаа санаа зовдог, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ажил бизнестэй хүн. Намайг хүний эрхийн чиглэлээр ганцаараа шахуу эрсдэл хүлээж дуугардаг байх үед үл таних хүн гурван жилийн турш мөрдөж мөшгидөг байв. Цагдаа дуудаад түүнийг тушаадаг байв. Цагдаагийнхан тэр хүнийг нэг хонуулаад чөлөөлж явуулдаг байв. Нөгөө хүн “Эрх чөлөө” төвийн үүдэнд ирж намайг мөрдөж мөшгих ажлаа үргэлжлүүлсээр байдаг байв. Нэг л мэдэхэд тэр хүн ажил дээр заазуур далайж орж ирснээр цагдаа сая намайг арай илүү хамгаалдаг болж байсан үе бий. Гэлээ ч бас нэг өөр хүн шөнө унтуулахгүй байх даалгавар авсан мэт гэр рүү утасдах, хаалга тогших зэргээр шөнө бүхэн гэнэт “амилдаг” байсан. Түүнийг хүүхдүүдэд минь дарамт болох вий гээд “төөрч будилсан хүн” болгож ойлгуулж өнгөрөөдөг байсан. Хүний наймааны бүлэг гэмт хэрэгтний эсрэг 2008 онд хохирогч эмэгтэйчүүдийг хамгаалж байх үед заналхийлэл ирдэг байлаа. Цагдаагийнхан хөдлөхгүй байдаг байв. Гэвч би айх эрхгүй байв. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг илрэхгүй бол монголын охид цаашдаа яах билээ гэж бодохоос надад айх эрх байгаагүй.

Би цагдаатай хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдээд тухайн үеийн Тагнуулын байгууллагад мэдээлэл өгч, тагнуулынхан бүлэг гэмт хэрэгтнийг барьж авч шүүхэд шилжүүлж билээ. Охидын амь нас аврагдаж билээ. Тэглээ гээд энэ ажлыг би хэн нэгний хүн учраас хийгээгүй, харин цагаан сарын битүүний орой 17-хон настай охиноо гэрийнхээ гаднаас алдсан ээжийн хүсэлтээр хийж байсан. Бизнесийн ч, хуулийнхны ч танил тал, гал хам, бүлэглэл гэдэг юмнаас их хол хүн гэж өөрийгөө боддог. Анхнаасаа манай Хөвсгөл нутгийн зан юм уу, аав ээжийн хүмүүжил юм уу, багш нарын сургааль юм уу алин болохыг би мэдэхгүй ч, ямарваа нэг булагнасан хаалттай орчинд би чөлөөтэй байж, ярьж хор найруулж сураагүй билээ. Энэ нь улс төрд маш амар байдаг. Зарчмын асуудал бүхэн нээлттэй хэлэлцэж болдог болохоор чухам зарчмын асуудал дээр, нээлттэй орон зайд бол би загас усандаа байгаа мэт чөлөөтэй тайван байж, бүтээмжтэй ажиллаж чаддаг. Намайг хэний хүн бэ гэж асууж байгаа намын гишүүддээ хэлье. Зарчим дээр нээлттэй орчинд бол би бүгдийн хүн. Бүх хүнтэй нээлттэй хамтран ажиллаж, тэдний төлөө нээлттэй зүтгэж чадна. Тиймийг маань та бүхэн олон сонгуулиар харсан гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч, УИХ-ын сонгуулиар ч намаасаа нэр дэвшиж байгаа хэн бүхэнд яаж тууштай ажиллаж байсан маань олны нүдэн дээр болсон явдал.

Харин хаалттай орчинд би орж байгаагүй. Хаалттай байдлаар хэн нэгний өмнө “таны хүн больё” гэж тангараг өргөж үзээгүй. Хаалттай хуйвалдаанд дургүй, хаалттай нөхцөлд ажиллах хүсэл сонирхолгүй маань миний хувийн онцлог юм. Ардчилсан Намын даргын сонгууль удахгүй болно. Хэний хүн бэ гэдэг асуултанд энэ бичвэр маань хариу өгч чадсан бол та бүхэн минь намайг “хэн бэ” гэдэг асуултаар булаарай. Надад өөрийгөө дахин танилцуулах боломж гарч, та бүхэнтэйгээ шинээр танилцана гэж би догдолж хүлээж байгаа шүү.

Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоо илэрхийлж, энэхүү ил захидлыг гишүүддээ хандан бичсэн байна. Түүнийг " Ц.Элбэгдоржийн хүн" гэж хаяглахыг өрсөлдөгчид нь санаархаж, далд явуулга өрнөсөн. Оюунгэрэлийг сонговол Элбэгдоржийг сонгосонтой ижил гэдэг цуу хэдийнээ тарсан. Бас гадаад нөхөртэй гэдэг. Ийм л хасах оноог түүнд нялзаахыг оролдож байна. Миний хувьд АН-ын гишүүн биш. Хэн дарга болох нь надад огтдоо ч хамаагүй мэт. Гэхдээ л нэг намын дарангуйлал нийгэмд тогтох энэ цаг үед АН зөв байх нь амьсгалах агаар мэт хэрэгтэй болохыг л мэдэрч байна. Энэ намыг зөв байгаасай, эрүүл саруул болоосой, яг энэ цаг мөчид зөв хүмүүс удирдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэр хүмүүсийн нэг нь Оюунгэрэл гэдэгт ч итгэж байна. Оюунгэрэлтэй ойр дотно байгаагүй ч, ажил хэргийн шугамаар нэг бус удаа уулзаж, учирч явсаан. Тэр бол гэгээлэг хүн. Зөв зүйлийн төлөө явж чаддаг хүн гэдгийг олж харсан. Чамлахааргүй их уншдаг, эрдэмд шамддаг, бас тунгаадаг, тэгээд зогсохгүй хэрэгжүүлдэг дайчин эмэгтэй гэж би хувьдаа үнэлсэн. Түүний бичсэнээр Оюунгэрэл бол хэн нэгний хүн биш гэдэгт би бас эргэлзэхгүй байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1111:энхбат гуайд анзаарагдсан бол тэр хэний ч биш хүний эрхийн төлөө тэмцэгч мөн юм. эби үүл 2-ийг өмөөрч муу монхор хамраа олон удаа далбийтал нь цохиулж байсан даа. харин эрх мэдэлд хүрснийхээ дараа манай 2 хэн ч биш зүгээр л нэг амьжиргаагаа аадуулагч гэдэг нь танигдсан дээ. ийм түүх байна аа байна. гэхдээ монголд хүний төлөө гэх санаа хаягдаж болохгүй. уг нь үүнийг тээгч ан мөн л дөө.энэ л цаг хугацааг алдамгүй. оюунгэрэл мэтийн зориг зүрхтэй тэмцэгч л таарах цаг үе юмсан. 2020-07-16
Zochin:Ardchilsan namiig huchguiduuleh ermelzeltei hun Oyungereliig demjij bj boloh.... 2020-07-19
Zochin:Ugui ch baij boloh.... 2020-07-19
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?