УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч байгаагаа зарлаж шуугиан дэгдээсэн. Шударга ёс эвслийг сонгуулийн өмнө орхисон тэдний үйлдлийг магтахаасаа шүүмжлэх нь олон байсан юм. Гэтэл МАХН-ын Хяналтын хорооны дарга Г.Давааням тэднийг албан ёсоор чөлөөлөгдөөгүй хэмээн мэдэгдэв. Тэрээр “Нэгдүгээрт, намын дүрмийн 7-р зүйлийн 2-т МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харъяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно гэсэн заалт бий. Гэвч Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар үүнийг зөрчин Намын даргын нэр дээр өргөдөл өгсөн. Түүнийг Хяналт Ёс Зүйн Хороо шилжүүлэн авч 2016 оны тавдугаар 05-ний өдөр намын №77,78 тоот шийдвэрээр тэднийг намаас хассан. Энэ нь намын дүрмийн 7.2 заалтыг ноцтой зөрчсөн тул дээрх шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 09-ний өдөр Хяналт Ёс Зүйн Хорооны тогтоолоор хүчингүй болгосон байгаа.
Хоёрдугаарт, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд. Мөн Хяналт Ёс Зүйн Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх үүрэгтэй. МАХН-ын дүрмийн 9-р зүйлийн 10.4-т Намын Их чуулган намын бодлогын асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс Их Чуулганы чөлөө цагт бага чуулган эрх барьдаг учир намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх боломжтой тул дээрх гишүүд МАХН-ын ээлжит бага чуулган хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ Д.Тэрбишдагва намын дэд дарга хэвээр байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намын гишүүнээсээ гарахыг Намын анхны шатны байгууллагаараа шийдвэрлүүлэх, намын сонгуульт ажлаа ээлжит бага чуулганаар чөлөөлүүлж байж дараагийн намд элсэх асуудал нь нээлттэй болно гэдгийг анхааруулж байна гэв.
Х.АЯЛГУУ