Ч.ЭНХЭЭ: АЛИВАА ШҮҮХИЙН ШИЙДВЭР БҮГДЭД ТААЛАГДАНА ГЭЖ БАЙХГҮЙ

2020-07-27  

Фэйсбүүк найзууд үндсэндээ хоёр талцаад эхэллээ дээ. Нэр бүхий улс төрчдөд шүүхээс ял оноосон нь тэдний заримд Монгол улсын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн гавъяатан сайдуудаа Ерөнхийлөгчийн захиалгаар намнаж, хэлмэгдүүлж эхэллээ гэж харагдаж байгаа бол нөгөө хэсэгт нь төсвийн хулгайч, авилгач нарын толгойг илж, хэт хөнгөн ял, өршөөлийн хуулийн хүлээлтээр хуураад өнгөрлөө гэж харагджээ, янз нь. 

Аргагүй ээ, аливаа шүүхийн шийдвэр бүгдэд таалагдана гэж үгүй.

Жишээ нь, хүний юмыг залилаад авсан хүнд шүүхээс гурван жилийн ял өгчихлөө гэхэд, шийтгүүлсэн хүн, түүний ойр дотныхон нь "Хэдхэн төгрөг авчихаад буцааж өгч чадаагүй л биз, яасан хатуу ял оноогоод байна аа?" хэмээн заргалдаж гүйхэд, мөнгөө залилуулж хохирсон нь "Энэ муу залилагчид хэт бага ял оноолоо, шүүхийнхэн авилга авсан байна" гэж хэл ам хийх жишээтэй. Энэ байдлыг зөвөөр ойлгохын тулд, ерөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол мэргэшсэн түвшний ажиллагаа байдаг гэдгийг л ухаарчих хэрэгтэй юм. Хэдийгээр, зарим нь миний багын найзууд, ойр дөт ажиллаж байсан хамтрагчид, эс бөгөөс миний хүндэлж явдгууд болох С.Баяр, М.Энхсайхан, Да. Ганболд зэрэг олон хүн үүнд өртөөд байгаа боловч, мэргэшсэн хуульчид нь тогтоолоо гэж зарлаад, мэргэшсэн шүүгчид нь нотлогдлоо гээд гаргасан шийдвэрийг, хавтаст хэргийг нь сөхөж ч үзээгүй миний бие дайран шүүмжилж, хэлмэгдүүллээ, энээ тэрээ гэх боломжгүй учраас хэлээ хазаад л явж байна. Аль аль талдаа асуудлууд байгаа юу гэвэл байгаа.

Нэг талаас шүүхийнхэн өөрсдөө хэт савалгаатай, үнэхээр хуулийн талаас яаж ч хараад ойлгогдохгүй шийдвэрүүд гэнэ гэнэхэн гаргаад байдгийг өмгөөлөгч хүний хувьд би мэдэхийн цаагуур мэднэ, зарим асуудлаар хэл ам хийн, шүүгч, прокурор, мөрдөгч нарыг нэр заан шүүмжилж, хүний нэр төрд халдсан асуудлаар шалгуулж байсан нь нэг бус. Тэглээ гээд хүн гүтгэсэн хэрэгт унаж үзээгүй болохоор миний хэлсэн зүйл ортой байсныг шалгасан хүмүүс ч хүлээн зөвшөөрсөн юм байна гэсэн ойлголттой яваа. Гэтэл нөгөө талдаа, улс төрд орсон хүмүүс гэнэт баяжаад эхэлдэг нь ч цөөнгүй. Төрийн алба хаших хугацаандаа эх үүсвэр нь тодорхойгүй асар их хөрөнгийн эзэн болж, тэрбумтны жагсаалын тэргүүнд эгнээнд байраа эзлэх нь энүүхэнд. Тэд Форд шиг үндэсний машин үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй, Гейтс шиг компьютер хийгээгүй, Мянганбаяр шиг алт ухаагүй, Жаргалсайхан шиг орос цэргийн ангийн хог ухаж олсон өнгөт металлыг гадагш гаргаагүй мөртөө тэднээс хурдан хөрөнгөжөөд эхэлдэг нь нууц биш. Тиймээс хүн хүн өөр өөрийн өнцгөөс хандах нь зүй, яллагдсан хүмүүсийн ойр дотныхон, нэг намынхан нь, эсхүл хэзээ нэг цагт шүүхийн шийдвэрээс болж ямар нэг хэмжээнд хохирсон хүмүүс "Шүүгчдийг ямар мэдэхгүй биш, өөрийн гэсэн толгойгүй шүү дээ,яаж ч мэдэх улс" гэж байхад нөгөө хэсэг нь "Улс төрчид идэж уудаг нь үнэн, бүгд л шуналын хар туламнууд" гэх нь зүй. 

Гэхдээ шүүхийн шийдвэр аль нэг талдаа л гарна, тэр нь бидний санаанд нийцсэн эсэхээс үл хамааран, хэрэв шүүгч бусдын даалгавраар шийдсэн, эсхүл шүүгдэгч асар их хахууль авч байгааг баталсан нотлох баримтыг гартаа бариагүй л бол, аливаа хэрэг, маргааныг мэргэжлийн талаас хянан, хуулийн үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрийг гаргадаг эрх бүхий цорын ганц байгууллага нь шүүх гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үнэндээ байхгүй. Гэтэл бодит байдал дээр асуудал үнэхээр өөр болоод явчихлаа.

Асуудал үүсэнгүүт л улс төрийн учир шалтгаанаар хэлмэгдэж байгаагаа гайхаж, эзнийг нь хуруугаараа зааж, төр зүтгэсэн хүндээ халтай байна гээд гоншгоноод эхэлсэн улсын түүчээ нь Баярцогт, Бямбасайхан, Сайханбилиг нар. АТГ шалгаад эхлээ л биз, эр хүн шиг очоод, гэм буруугүйгээ нотолж баталчихаад гараад ирнэ биз, асуугаад байвал "Нэг тийм болоод байгаа, гэхдээ би хэрэг хийгээгүй юм чинь, үнэн мөн нь олдох биз" гэсхийж өнгөрөөгөөд, ялаад гараад ирснийхээ дараа нүүр баатар хэвлэлийн бага хурал хийх буюу ард түмэндээ хаягласан захидлаа нисгээд эхэлсэн бол илүү үнэмшилтэй. Гэтэл дөнгөж шалгаад эхлэнгүүт, далдыг харсан мэт, "Намайг хэлмэгдүүлэхээр болжээ, шүүхийн шийтгүүлэх маань тодорхой байна" гэх шахуу юм яриад эхэлдэг нь нэг л жигтэй, гэм буруугүй гэдгээ нотолж чадахгүй гэдгээ урьдаас мэдэж байсан юм болов уу гэж хардмаар.

Энд нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь байтугай бурхан ч байсан гэсэн, гурвын гурван шатны шүүхийн шүүгч нарт толгой дараалан нөлөөлж, хөтлөх хууль зүйн боломж байхгүй. Шүүгч нар бүх насаараа томилогддог, тэхээр өөрөө гэмт хэрэгт холбогдчихоогүй л болжгэм, хэн дуртай нь "үгэнд орсонгүй" хэмээн өөнтөглөж, хольж солиод байх боломжгүй болсон гэсэн үг. Алдаа хийдэг, эсхүл авилга авсан байж болзошгүй байдлаар шийддэг тохиолдол мэр сэр гардаг боловч, олонхидоо дараа дараачийн шатан дээрээ унадаг л юм даа. Гэтэл үүнийг мэддэг баймаар, нийгэмд нэлээдгүй нэр хүндтэй урлаг, соёлын болон, улс төр нийгмийн зүтгэлтнүүд энэ гоншгонооныг дуу дуугаа авалцан түрж, хөөсрүүлэн давалгаалуулж, "Энэ бол дарангуйлал тогтсоны шинж, өнөөдөр дуугүй байвал маргааш Та нар ч өртөнө, бүгд шоронд орно, 37 он эргээд ирлээ" хэмээн сүрдүүлэхийг оролдож, хуулийн мэргэжил мэдлэгтэй нь ихэд эргэлзээтэй олон хүн даган баясах нь илтэд зохион байгуулалттай гэж харагдах хэмжээнд нэгэнт хүрлээ. Гэхдээ энэ нь намайг айлгах биш, харин ч баярлуулсан гэдгийг хэлэх нь зүй. Учир юу вэ гэхээр аливаа дарангуйлагч нийгмийн гол шалгуур нь жирийн иргэд эрх баригчдын үйлдэл бодлогыг шүүмжлэх эрх нь хумигддаг, зарим тохиолдолд бүрэн хаагддаг явдал, аливаа авторитар, тоталитар дэглэмийн гол шинж энэ.

Дарангуйллын дор амьдарч байхдаа "Бид дарангуйлал дор амьдарч байна" гэж хэлэхийг "үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдох"-той шууд зүйрлэж болно. Тэгвэл хэн дуртай нь "Дарангуйлал ирлээ" гэж хашгиран, үүнд Ерөнхийлөгчийг буруутгаж, оросын боол, Путины тавиул хэмээн адшаах, тэр мөртөө "Баримттай яриач" гэхээр "Юу ярихаа хэнээр ч заалгахгүй" хэмээн агсамнах, энэ бүхэн нь Монгол жинхэнэ ардчилалтай, тэр тусмаа дэлхийн бусад ардчилсан орнуудад ч ховорхон, хэтэрхий гэмээр ч юм уу, өндөр түвшний ардчилалтай орон гэдгийг л харуулаад байгаа хэрэг. Хэн, юу гэх бол гэсэн айдасгүйгээр, хамар доорхи хагархайнхаа хэрээр нийгмийн сүлжээгээр цуурах, үүнийг зориудаар зохион байгуулах боломжтой, эрх чөлөөтэй байна гэдэг бол яавч дарангуйлал руу хүчинд автан чирэгдэж байгаа нийгмийн өнгө төрх биш. Харин цөөн хэдэн хүн энэ эрх чөлөөг ашиглан, нийгмийг талцуулан бужигнуулах замаар өөрсдийн дарангуйллаа жинхэнэ утгаар тогтоох оросоор айлгаж байгаад сэмхэн нөгөө тийш хөтлөх далд сонирхлоо хэрэгжүүлэх гэж байгаа бол өөр хэрэг, тэгвэл ч ёстой нөгөө "Юун наадам, юун цагаан сар" гэдэг шиг л юм болно. Хэтэрсэн ардчилал өөрөө өөрийгөө идчихдэг тохиолдол бас байдаг юм шүү хэмээсэн үүнийг үнэхээр хэлэхгүй байж тэссэнгүй.

Зохиолч, нийтлэлч, хуульч Ч.Энхээ. Ардчилсан Холбооны анхны гишүүдийн нэг. Үнэнийг нүүр лүү нь харж байгаад хэлж чаддаг эр зоригтой. Хэнээс юу ч гуйж үзээгүй Монголын сэхээтэн. Түүний аав Чойжилын Чимид гэж үндэсний томоохон сэхээтэн бий. "Аргалын утаа бургилсан, Малчны гэрт төрлөө би..." гээд хүүхэд ахуйгаасаа уншиж өссөн шүлгийг Энхээгийн аав Чимид зохиолч бичсэн .

Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?