УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Панамын оффшорын мэдээлэл задарснаас давхардсан тоогоор Монголтой холбоотой 47 мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ж.Батзандан гишүүн АТГ-т хандахаар болжээ.
Энэ талаар тэрбээр “Энэ хуулийн дагуу бид улс төрчдийн болон тэдгээрт хамаарал бүхий хүмүүс оффшор дансны мэдээлэл хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн эсэхийг шалгуулахаар бичиг хүргүүлж байна. АТГ хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу ирүүлэх ёстой” гэв.
Мөн энэ үеэр 2013 оны 1-р сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин өргөн барихаа дуулгалаа.