ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МҮОХ-НЫ УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-08-25  

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпийн хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.

  Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд “Тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн энэ албанд томилогдсонд олзуурхаж байна. 

Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд Монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны ажил чамлалттай санагддаг хэмээв.

Монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг. Иймээс МҮОХ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, гадаад харилцаандаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх, гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпийн наадмаас хүртсэн медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн манай улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай байдаг. Ийм учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой” гэдгийг онцлон хэлсэн юм.

  Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдоод байгаа “Green games-2020” буюу залуучуудын “Ногоон наадам”, “Ulaanbaatar-2023” Зүүн Азийн залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулахад МҮОХ хамтран ажиллаж, хүүхэд залуучуудыг спортод дуртай болгоход голлон анхаарал хандуулж, ажиллахыг хүссэн юм.

Үүний дараа МҮОХ-ны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтыг ахиулахын тулд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, төр засгаас спортын салбарыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна хэмээн онцолсон юм. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сард МҮОХ-нд зочлон үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?